Нэгдүгээрт, Эрүүгийн процессын онол, арга зүйн талаар:
1. Эрүүгийн процессын онолын эрдэмтэд мөрдөгчийн бие даасан байдлыг тэдгээрийн эрх зүйн байдал; процессын эрх, үүрэг, эрх хэмжээ, бүрэн эрх; эрүүгийн процессын ажиллагаанд тэдний гүйцэтгэх чиг үүрэг, байр суурь; процессын эрх зүйн зарчим талаас нь авч үзэх хандлага зонхилж байна. Монгол Улсын эрүүгийн процессын бүтээл, хууль тогтоомжид мөрдөгчийн бие даасан байдлын тухай тодорхойлолт өгөөгүй байна. Энэ нөхцөл байдал нь эрүүгийн процессын шинжлэх ухаанд тухайн ойлголтын талаар үзэл санаа нэгдмэл бус байгааг харуулж байна. Иймд мөрдөгчийн бие даасан байдлыг бүрэн эрх, бие даасан байдлын зарчмыг бэхжүүлж, нийтлэг хэм хэмжээний хувьд нэг мөр ойлгож хэрэглэх шаардлага бий болсон гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Мөрдөгчийн бие даасан байдал, түүнийг хангах зарчим, эрх зүйн орчин, бодлого, хэрэгжүүлэх арга замын талаарх судлаачийн дараах тодорхойлолтыг хамгаалахаар дэвшүүлж байна:
“Мөрдөгчийн бие даасан байдал гэж хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг бие даан үр нөлөөтэй явуулах, эрүүгийн процессын хуульд заасан шийдвэрийг бие даан гаргаж хэрэгжүүлэх бүрэн эрх мөн” гэсэн,
“Мөрдөгчийн бие даасан байх зарчим нь эрүүгийн процессын шүүхээс өмнөх шатанд хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч бүрэн эрхийн хүрээнд бие даан шийдвэр гаргах, өөрийн дотоод итгэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүний явц, үр дүнд өөрөө хариуцлага хүлээх үндсэн шаардлагыг тодорхойлсон түгээмэл үзэл санаа, нийтлэг хэм хэмжээ мөн” гэсэн,
“Мөрдөгчийн бие даасан байдлыг хангах эрх зүйн орчин гэдэг нь мөрдөгчийн бие даасан байдлыг бэхжүүлж, хангасан эрх зүйт хууль тогтоомж, мөн түүнийг хэрэгжүүлэх оновчтой зөв бүтэц зохион байгуулалт, санхүү, эдийн засаг, хүний нөөцийн нэгдмэл цогц юм” зэрэг судлаачийн тодорхойлолт.
2. Монгол Улсын эрүүгийн процессын түүхэн хөгжлийн явцад мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллага, эрх мэдэлтэн, тэдгээрийн чиг үүрэг нь төр, нийгмийн хөгжлийн явцад байнга өөрчлөгдөж иржээ. Бид судалгааны түүхэн хандлагын зарчмын үүднээс түүхэн хөгжил уламжлалыг өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн хандлагаар судалж сайн уламжлалаа сэргээх, одоо хадгалагдаж байгаа хуучин хоцрогдсон хэв шинжийг гээх хандлагаар авч үзсэн болно.
Манай Улсын эрүүгийн процессын түүхэн уламжлалаас харахад шүүхийн өмнөх шатанд эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны зарчим, журам түүхийнхээ явцад шинэчлэгдэн өөрчлөгдөж, улам бүр боловсронгуй, нарийн болсоор байна. Тухайн цаг үе, нийгмийн байгуулал зэргээс хамаарч эрүүгийн процессын хуулийн зорилго, зорилт нь өөрчлөгдөж ирсэн ч Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг бие даан мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж байсан бөгөөд энэ нь үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг богино хугацаанд сэргээн эдлүүлэхэд ач холбогдолтой байжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуульд заасан мөрдөгчийн бие даан явуулах ажиллагааг 1963, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар бие даан явуулж байсан ажиллагаатай харьцуулахад 72,7 хувиар бууруулж хязгаарласан нь мөрдөгч гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, хэргийн бодит үнэнийг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтуудыг хангахад сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна.
3. Мөрдөгчийн бие даасан байдлын үндсэн хэв шинжийг тодорхойлохын тулд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрхэн тусгагдаж хэрэгжиж байгаа, түүнд нөлөөлж байгаа объектив болон субьектив хүчин зүйлсийг тодотгон, тулгамдаж буй асуудлыг хөндөх шаардлагатай юм.
Монгол Улсын Үндсэн хуульд “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан. Гэтэл Прокурор нь Үндсэн хуульд зааснаас гадна мөрдөн шалгах ажиллагааны зөвшөөрөл өгөх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг удирдах, оролцох зэрэг үндсэн хуулиар олгогдоогүй бүрэн эрх эдэлж байна.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөгч нь өөрөө хэрэг үүсгэх эрхгүй, прокурорын хяналт дор аливаа мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа зөвшөөрөл хүсэх, хяналтын прокурор нь зөвшөөрөл олгох зэргээр техник ажиллагааг хэт нэмэгдүүлсэн нь зардал өсгөх, ажлын ачаалал ихсэх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэхэд хугацаа алдах, хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх боломж алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарсаар байна.
Мөн мөрдөх эрх бүхий албан тушаалтан буюу субъектийн эрх зүйн орчныг бэхжүүлэх талаарх шинжлэх ухааны таамаг, мэтгэлцээнд үндэслэн нэг талаас мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааны бие даасан байдал, түүнийг хангах арга зам, нөгөө талаас мөрдөх албаны дотоодын, шүүхийн, прокурорын хяналт, хувь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн үзэл баримтлалын судалгаа, шинжилгээний ажлыг нэмэгдүүлэх нь онолын болон практик ач холбогдолтой байна.
4. Прокуророос зөвшөөрөл авах нь техник ажиллагаа шаардсан, шуурхай хийж гүйцэтгэх шаардлагатай ч цаг хугацаа зарцуулсан ажиллагаа бөгөөд тухайн зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан хурал зөвлөгөөн, сургалттай, гадуур ажилтай, шүүх хуралтай гэх шалтгаанаар ажлын байран дээрээ байдаггүй, тухайн ажилтныг орлож зөвшөөрөл өгөх боломжгүй, прокуророос зөвшөөрөл авахад мөрдөгчийн саналыг үндэслэн дахин тогтоол, шийдвэр үйлдэх шаардлагатай байдаг тул даруй гэх шаардлагыг хангадаггүй, мөрдөгчийн саналд байгаа үл ялиг техник алдааг үндэслэн саналыг хүлээж авахгүй байх, амаар зааварчилга өгөх, зарлага цагдаагаар явуулсан саналыг хүлээж авахгүй мөрдөгчийг өөрийн биеэр саналаа танилцуулахыг шаардах зэргээр эрүүгийн процессын зорилтыг хангах ажиллагаанд хүндрэл учирч байна. Мөрдөгч нь улсын яллагчийн зөвшөөрөл даалгавраар мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь түүний төвийг сахисан бодит үнэнийг тогтоох зарчмын хэрэгжилтийг гажуудуулах үндсэн шалтгаан болж байна. Энэ агуулгаар мөрдөгч нь прокурорын даалгавар гүйцэтгэгч болон хувирах учир холбогдолтой байна.
Прокурор нь мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгийн төлөө хариуцлага хүлээхгүй, зөвхөн Мөрдөгчийн үйл ажиллагаа, шийдвэр бодитой эсэхийг хууль зүйн үүднээс үнэлэх учраас прокурорын хяналт нь мөрдөгчийн мөрдөн шалгах болон процессын бусад ажиллагаа явуулах, зохих шийдвэр гаргах, хэрэгжүүлэх зэрэг бие даан явуулах үйл ажиллагааг үл хязгаарлах хууль зүйн үндэслэл боловсруулж бодлогын түвшинд хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.
5. Гадаадын зарим улсын туршлагаас харахад мөрдөх албаны хуультай, бүтэц зохион байгуулалтын хувьд хараат бус байх нь мөрдөн шалгах ажиллагааны бие даасан, хараат бус байдал алдагдахгүй байх үндэс суурь болж байна.
Манай орны эрүүгийн процессын шинэчлэл, түүний дотор шүүхийн зөвшөөрлийн үйл явцыг боловсронгуй болгоход Франц улсын туршлага онол, практикийг цаашид дэлгэрүүлэн судлууштай байна.
Монгол Улсын эрүүгийн процесст тавих шүүхийн зөвшөөрлийн үйл явцыг мөрдөн шалгах ажиллагаанд давамгайлуулж, олон улсын чиг хандлагад нийцүүлэх байдлаар нэвтрүүлэх нь зүйтэй гэж бид үзэж байна. Социализмын үед хөрс суурь нь тавигдсан, зөвлөлт маягийн прокурорын хяналтын тогтолцоог бууруулах, шүүхээс өмнөх шатанд хүний үндсэн хуулийн эрх, эрх чөлөөг хамгаалахад шүүхийн оролцоог нэмэгдүүлэх нь дэлхийн хөгжингүй улс орнуудын жишигт нийцэх нэг чухал алхам болно гэж бид үзлээ. Санал:
Эрүүгийн процессын хуульд “баривчлах, цагдан хорих, хязгаарлалт тогтоох зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авч буй шүүгчийн эрхийг өргөжүүлж, үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхэд халддаг нэгжих, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах зэрэг зөвшөөрлийн тогтолцоонд шилжүүлэх, энэхүү ажиллагааг мөрдөгчөөс шүүгчид танилцуулдаг байх” эрх зүйн үндэслэл бүрдүүлэх санал дэвшүүлж байна.
Хоёрдугаарт, Мөрдөн шалгах ажиллагааны эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар:
1. Мөрдөгчийн бие даасан байдал нь эрүүгийн болон эрүүгийн процессын хууль тогтоомж, эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, түүнд хяналт тавих, хэргийг хянан шийдвэрлэх тогтолцоо, тэдгээрийн бүрэн эрх гэх зэрэг гадаад хүчин зүйлээр тодорхойлогдохын хамт мөрдөгчийн дотоод итгэл, эрх үүргээ гүнзгий ухамсарласан хариуцлага, үнэт зүйлс, эрх зүйн ухамсар, соёл гэх зэрэг дотоод хүчин зүйлээр тодорхойлогдож байна. Мөрдөгчийн ёс суртахуун, мэргэжлийн туршлага, ур чадвар, эрх, хөндлөнгийн нөлөө, байгууллагын бүтэц зохион байгуулалт, ажлын ачаалал зэрэг нь түүний дотоод итгэлд, улмаар хэргийн бодит байдлыг тогтооход сөргөөр нөлөөлж байна.
Судалгааны дүнгээр 2021 онд Цагдаагийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 314 алба хаагчдын 18 хувийг мөрдөгч эзэлж байна. Тэдгээр алба хаагчдын 55,0-59,6 хувь нь ажилд томилогдоод 3 хүртэл жил ажилласан, 15,3 хувь нь ажлын ачаалал тэнцвэргүй, 15,3 хувь ажлаас “халширсан шалтгаан”-аар чөлөөлөгджээ. Мөрдөгч бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад нь шүүгч, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга нь хуульд заасан үндэслэл журам зөрчиж хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг хуулиар хориглох нь зүйтэй байна.
Санал:
Иймд мөрдөгчийн бие даасан байдалд нөлөөлөх объектив, субьектив хүчин зүйлийг нарийвчлан судалж, мөрдөгчийн мэргэжлийн болон хувийн соёл, үнэт зүйлсийн хандлагыг төлөвшүүлэх чиглэлтэй эрх зүйн боловсрол, мэдлэг, ёс зүй, дадлага, хандлагын талаарх дээд боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулж, албажуулан хэрэгжүүлэх саналтай.
2. Мөрдөгчийн бие даасан байдал, мөрдөх албаны хараат бус байдлыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын баримт бичгийг эрх бүхий байгууллагаар батлуулж хэрэгжүүлэх, түүний дотор эрүүгийн процессын үзэл баримтлалыг боловсруулж оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Санал:
Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын баримт бичигт эрүүгийн процессын чиглэлээр “эрүүгийн хэргийг хэрхэн шуурхай, шалган шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх, процессын үйл ажиллагааны (хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагааны) зарчим, хэлбэр, үе шат, цаг хугацаа, эрүүгийн процесс хэрэгжүүлэгчдийг эрх, чиг үүргийн хувьд хэрхэн тэнцвэржүүлэх арга замыг тодорхойлох” асуудлыг тусгах саналтай байна.
3. Мөрдөгч хуульд нийцүүлэн бие даан шийдвэр гаргах, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хөндлөнгөөс нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэх, түүний хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан шийдвэрийг хүн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлэх зэрэг бие даасан байх зарчим, түүний шаардлагууд үгүйлэгдэж байна. Мөрдөгчийн бие даасан байдлын төлөвшил, хөгжил нь түүний эрх зүйн орчноос шууд хамаардаг. Эрх зүйн орчин бүрдээгүй нөхцөлд мөрдөгч нь бие даан гагцхүү хуульд захирагдан ажиллах бололцоогүй ба түүнээс үүдэн Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, суурь зарчмуудын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна.
Санал:
Төрийн бодлогын түвшинд эрүүгийн процессын шинэ хуулийг боловсруулж батлуулан хэрэгжүүлэх (энэ хүрээнд судлаачийн боловсруулсан төслийг хавсаргасан болно);
Эрүүгийн процессын шинэ хуулийн төслөөр эрүүгийн процесс ажиллагаанд мөрдөгчтэй харилцаж байгаа оролцогчдын эрх үүрэг, мөн мөрдөгчийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих эрх бүхий этгээдүүдийн эрх хэмжээ, бүрэн эрх, мөрдөгчийн бүрэн эрхийн уялдаа холбоо, тэдгээрийн эрх, чиг үүргийг тэнцвэржүүлэх оновчтой загварчлал боловсруулах;
Мөрдөгчийн бие даасан байдалд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд “Мөрдөгчийн бие даасан байдал”, “Мөрдөгчийн бие даасан байх зарчим” зэрэг хэм хэмжээ, мөн энэ зохицуулалттай холбоотой “Прокурорын аргачилсан заавар” зэрэг процессын бусад хэм хэмжээг хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулах;
Эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, гэмт хэргийн нуугдмал байдал, олон нийтийн анхаарал татсан болон ээдрээ төвөгтэй, ажиллагаа ихтэй, хүнд, зохион байгуулалттай, олон оролцогчтой хэргийг мөрдөгчдийн багаар мөрдөн шалгах эрх зүйн үндсийг хуульд тодорхойлох саналтай.
Гуравдугаарт, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар:
1. Мөрдөгчийн бие даасан байх зарчим нь хүн, хуулийн этгээд, гэмт хэргийн хохирогчийн эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхол болон хүнийг хууль бусаар яллах, эрх, эрх чөлөөг нь хязгаарлахаас хамгаалах талаарх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх зорилтыг хэрэгжүүлэх бодит, зайлшгүй байх баталгаа мөн. Энэ зарчмыг эрүүгийн процесс ажиллагаанд нэвтрүүлснээр мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсыг хэлбэрэлтгүй сахих, мөрдөгч өөрийн мэргэжилд хүндэтгэлтэй ёс зүйтэй хандах хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой гэж үзлээ. Бидний үзэж байгаагаар мөрдөгчийн бие даасан байдал нь эрүүгийн процессын нэг суурь зарчим төдийгүй энэ гол үзэл санаа, нийтлэг зарчим нь эрүүгийн процессын бүхий л үе шатанд түүний оролцогчдоос сахин мөрдөх хэм хэмжээ, мөрдөгчийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны үндэс мөн. Энэ зарчим нь хуулийн бусад хэм хэмжээгээр улам нарийвчлан тодорхойлогдох төдийгүй, эрүүгийн процессын оролцогчдын эрх зүйн байдал, эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэх журмын зохицуулалтын уг сурвалж, эрүүгийн процессын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хөгжүүлэх тулгуур суурь мөн гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн процессын хуульд “мөрдөгч” гэсэн 341 илэрц байна. Судлаачийн хувьд Үндсэн хуульд заасан “хэрэг бүртгэх, мөрдөн байцаах” гэж тодорхойлсонтой нийцүүлж ХЗДХЯ-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах “мөрдөгч”-ийг “мөрдөн байцаагч” болгож, практикт байгаа “эрүүгийн мөрдөгч” гэсэн албан тушаалыг “мөрдөгч” гэж зааглан нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэж дүгнэсэн.
Иймд бид эрүүгийн процессын хуульд дараах нэмэлт өөрчлөлт оруулахыг санал болгож байна:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах “мөрдөгч”-ийг “мөрдөн байцаагч” гэсэн нэр томьёоны өөрчлөлт,
Практикт байгаа “эрүүгийн мөрдөгч” гэсэн албан тушаалыг эрүүгийн процессын хуульд “мөрдөгч гэж хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтныг хэлнэ” гэсэн нэр томьёоны тодорхойлолт оруулах,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлд “1.16 дугаар зүйл. Хараат бус, бие даасан байх” гэсэн зүйлийн нэрээр “Шүүгч, прокурор нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг аливаа этгээдээс хараат бусаар явуулна. Мөрдөн байцаагч нь мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу бие даан явуулна. Прокурор, мөрдөн байцаагчийн шийдвэрийг албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд биелүүлнэ.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулах.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд: “
6.21 дугаар зүйл. “Мөрдөн байцаагчийн бүрэн эрх” гэсэн зүйлийг шинээр дараах агуулгатай тусгах саналтай байна. Үүнд:
1. Мөрдөн байцаагчийн шийдвэр, үйл ажиллагаа нь бие даасан байна.
2. Мөрдөн байцаагч бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад нь шүүгч, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга нь хуульд заасан үндэслэл журам зөрчиж хөндлөнгөөс нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг хориглоно.
3. Мөрдөн байцаагчийн мөрдөн шалгах ажиллагаанд албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд хууль бусаар нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
4. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан мөрдөн байцаагчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлнэ.
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаагч, мөрдөн байцаагчдын хэсэг”-т аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө” гэсэн нэмэлт оруулах. Эдгээр нэмэлт өөрчлөлтүүд нь Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын баримт бичигт эрүүгийн процессын чиглэлээр тусгагдаж, түүнд нийцүүлэн гаргасан шинэ хууль батлагдах хүртэл түр шинжтэй арга хэмжээ гэж үзэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 12
Ишлэгдсэн тоо : 0