Монгол уртын дуу хэмээх үнэт өв бол олон монголчуудыг ижилсүүлж, дэлхий ертөнцөд ондоошуулан таниулж байдаг өв соёлын нэг. Монгол уртын дуу нь XIX зууны дунд үеэс гадаад ертөнцөд судлагдаж эхэлсэн бол улсын дотоодод хувьсгалын дараа үеэс шинжлэх ухааны үндэслэлтэй судлагдаж эхэлсэн юм.
Уртын дууны шүлэг нь монголчуудын оюун сэтгэлгээний илэрхийлэл бөгөөд нэн ялангуяа айзам (ayzam) уртын дуунд ертөнц дэлхийн үзэгдэл, хүмүүний амьдралын жам ёсны тухай гүн ухааны шинжийг төгс агуулсан байдаг бол суман (suman) уртын дуунд эгэл ардын аж төрөх ёс, мал аж ахуйн соёл, ихэс дээдэс, ижий ааваа хүндлэх, уул, усаа шүтэн дээдлэх ухаан зэрэг түгээмэл сэдвээс гадна монголчуудын түүхийн мандалт, бууралтын ороо, бусгаа цагийг ч тусган харуулсан өргөн дэлгэр агуулгатай байна. Харин бэсрэг (besreg) уртын дуунд мөн л суман дууны адил хүндлэл хайр, зан заншлын түгээмэл сэдвээс гадна захин сургасан шинж давамгайлдаг. Эдгээрээс харахад ер монголчуудын түүх соёл нь уртын дууны шүлэг, яруу найрагтаа нэвт шингээстэй байна. Монгол уртын дууны төгс утга нь хэр олон бадаг дуу байна, бүгдийг дуулж байж бүрэн илэрхийлэгддэг ч өнөө цагт бүх бадгийг дуулах, түүнийг сонсоод суух бодит боломж тун хомс болжээ[92]. Иймд даяарчлалын өнөө үед орчин үеийн судалгааны аргаар шүлгийн бүтэц, тогтолцоо хийгээд утга агуулгыг шинжлэн судлах боломжийг туршиж үзэхээр судалгааг эхлүүлсэн. Энэхүү судалгааны ажлаар бид монгол уртын дууны арвин сангаас төв халх уртын дууг жишээ болгон авч, түүний түүхэн уламжлал, шүлгийн бүтэц, тогтолцоо, утгын тайлал, уртын дууны ангилал зэргийг орчин үеийн судалгааны туршилтын аргууд ашиглан судалж үзэв.
Судалгааны нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйлд төв халх уртын дууны уламжлал, дэг, хэрэглээний талаар тусган оруулав. Төв халх уртын дууны нэгэн өвөрмөц онцлог бол бурханы шашны нөлөө тус бүс нутгийн уртын дуунд шингэсэн явдал юм. Энэ нь тухайн газар оронд бурханы шашин бадрангуй хөгжиж, хутагт хувилгаад олноор мэндэлж, шашны зан үйл нь ард олны аж байдалд шууд нөлөөлж байсны үр дүн. Иймдээ ч энэ нутагт шашны холбогдолтой дуун ухаан өндөр хэмжээнд хөгжиж байв. Үүний томоохон жишээ нь “Гүр дуулал” юм. Уртын дуу нь шашны зан үйлийн үүргийг гүйцэтгэж байсан төдийгүй уртын дууны увдисыг оюун сэтгэхүйдээ шингээж, аливаа сүсэг бишрэлийн, сэтгэлгээний зан үйлдээ ашиглаж байсныг судалгаанаас харж болно. Мөн уртын дууг өвлөн уламжлагчид, төв халх уртын дууны дэг сургалтын талаар зохих хэмжээнд тусгасан. Уртын дуу зохиох тухай болон уртын дууг хөгжимтэй дуулж байсан соёлын талаар судлах явцдаа уртын дууг ятга хөгжимтэй дуулж байсан тухай ховор баримтыг танилцуулж, судалгааны эргэлтэд оруулсан нь судалгааны ажлын бас нэг чухал үр дүн болж байна.
Монгол уртын дууны шүлгийг шүлэг зүйн судалгааны гурван гол бүрэлдэхүүн болох айзам зүй (ритмика, rhythmic), бадаглал зүй (строфика, stophice), эгшиглэл зүй (фоника буюу эвфония, euphony) -н үүднээс шинжилж, уртын дууны шүлгийн жишээгээр монгол шүлгийн онцлогийг тодруулах боломжийг хайж, шинжилгээ хийв. Монгол шүлгийн хөгжил, бүтэц тогтолцоог уртын дууны шүлгийн уламжлал талаас судлан сурвалжлахын тулд уртын дууны гурван ангилал тус бүрээс тодорхой дууны шүлгийг жишээ болгон авч, туршилт авиан зүйн аргаар шинжилж үзэв. Мөн уртын дууны үгийн өргөлтийн талаарх туршилтыг компьютерын ухааны судалгааны зохих программын аргууд ашиглан шинжилсэн. Ингэснээр уртын дууны аялгууны болон шүлгийн өргөлтийн асуудалд зохих үр дүн гаргаснаа энэ бүлэгт дэлгэрүүлэн орууллаа.
Судалгааны ажлын сүүлийн бүлэгт цуглуулж, бэлтгэсэн уртын дууны шүлгийн өгөгдөлд машин сургалтын арга ашиглан айзам, суман, бэсрэг гэсэн гурван ангиллыг ялган таниулж, туршин үзсэн болно. Мөн бэлтгэсэн өгөгдлөө ашиглан аялгуугаар ангилах туршилт хийхийн зэрэгцээ шүлгийн үгэнд статистик тоон шинжилгээ хийхийн зэрэгцээ үгийн давтамжид анализ хийж, ангиллын бүтцийг тодорхойлов.
Бид энэхүү судалгааны ажлаараа монгол шүлгийн бүтэц, тогтолцооны талаар үүсдэг зарим маргааныг шийдвэрлэхэд уртын дууны шүлгийн жишээгээр шинжилж, хувь нэмрээ оруулахыг хичээв. Монгол хэл шинжлэлийн салбарт компьютерын ухааны судалгааны арга ашигласан судалгааны ажлууд нэлээд өргөн хийгдэж байгаа бөгөөд эх хэл боловсруулалтын талын судалгааг МУИС-ийн МТЭС-ийн Машин оюуны лабораторийн Хэл боловсруулалтын багийн эрдэмтэд эхлүүлээд байна. Ийм төрлийн судалгааг илүү дэлгэрүүлэн хөгжүүлэх боломж байгаа учраас бид утга зохиол, аман зохиол судлалд компьютерын ухааны туршилтын арга технологийг нэвтрүүлэх боломжийг уртын дууны шүлгийн жишээн дээр харуулахаар ажилласан.
Судалгааны ажлын зорилго, зорилтыг шийдвэрлэхэд, судлан сурвалжлах, ажиглах, харьцуулах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх болон машин сургалтын туршилтын аргуудыг ашиглав. Орчин үед олон салбарт ашиглаж байгаа хиймэл оюун ухааны судалгааны нэг хэрэглүүр болох машин сургалтын программ болон туршилтын бусад программууд ашиглан ангилан таниулж, туршилтын үр дүнг танилцуулав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0