Яс сийрэгжих өвчнийг XXI зууны “Чимээгүй тахал” гэж нэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 200 гаруй сая хүн өртсөн, эдгээрийн гурван хүн тутмын нэгийг 55 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд эзэлж байна. Манай орны хувьд ясны сийрэгжилтийн тархалт нэмэгдэн 2010 онд 50-65 насны эмэгтэйчүүдийн
49.7%, 2013 онд 35-60 насны эмэгтэйчүүдийн
27.5%, 2014 онд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 46% яс сийрэгжсэн, 42% нь ясны эд цөөрсөн, 12% нь хэвийн байна. Түүнчлэн эмэгтэйчүүдэд яс сийрэгжилтэнд өртөх эрсдэл
2.7 дахин өндөр байна. Яс сийрэгжилтэнд өртөх эрсдэлт хүчин зүйлд хоол, хүнсний хангалтгүй хэрэглээ, ялангуяа кальци, Д аминдэмийн хэрэглээ, биеийн жин бага байх, эмийн зохисгүй хэрэглээ зэрэг нөлөөлнө. Яс сийрэгжилт нь архаг өвчин тул удаан хугацаанд үүсэх бөгөөд урьдчилан сэргийлэх нь чухал юм. Ялангуяа хөгжиж буй орнуудад яс сийрэгжилтээс шалтгаалсан дунд чөмөгний хүзүүний хугарлын эмчилгээний зардал нь эрүүл мэндийн зардлын багагүй хэсгийг эзэлж байна. Сонгины төрлийн ургамалд 700 гаруй зүйл багтах бөгөөд тэдгээрээс хамгийн түгээмэл хүнсний ногоо, эмийн ургамлаар хэрэглэж байгаа нь сонгино (Allium cepa L.), саримс (Allium sativum L.) юм. Өмнөх судалгааны үр дүнгээс сонгино, саримс нь биологийн идэвхт нэгдлүүд тухайлбал, фенолт нэгдэл ба хүхэрт нэгдлийн агууламж өндөртэй, антиоксидант, үрэвслийн эсрэг, чихрийн шижингийн эсрэг, цусан дахь липид, глюкозын хэмжээг бууруулдаг зэрэг эрүүл мэндийг дэмжих үйлчлэлтэй байна. Зарим тархвар зүйн судалгаагаар сонгины хэрэглээ нь 50 болон түүнээс дээш насны цэвэршилтийн өмнө болон цэвэршсэний дараах эмэгтэйчүүдийн ясны нягтад эерэг нөлөөтэй, сонгины хэрэглээний давтамж нэмэгдэх нь яс сийрэгжилтээс үүдэлтэй дунд чөмөгний хүзүүний хугарлын эрсдэлийг 20%-иар бууруулдаг байна. Энэхүү судалгааны ажлаар Монгол болон Тайваньд ургасан 5 төрлийн сонгино, 6 төрлийн саримсны нийт фенолт нэгдэл, антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчлэл, яс сийрэгжилтийн нөлөөг судлав. Судалгааны үр дүнгээс Сонгины метанол ханд, саримсны усан ханд нийт фенолт нэгдлийн агууламж ихтэй, кверцетин (Q4G) давамгайлсан болохыг тогтоов. Сонгино (Allium cepa L.), саримс (Allium sativum L.) антиоксидант идэвх өндөртэй бөгөөд сонгины метанол ханд, саримсны усан хандны нийт фенолт нэгдлийн агууламжтай эерэг хамааралтай байна (r=
0.66, r=
0.28). Сонгины метанол ханд, саримсны усан ханд нь үрэвслийн цитокинуудыг бууруулж байв. Энэ нь судалгааны эерэг хяналт болох кверцетин, хүхэрт нэгдлийн үр дүнтэй төстэй байв. Яс сийрэгжилт үүсгэсэн амьтны хоолонд сонгино, саримс, тэдгээрийн холимогийг нэмж өгөхөд сөрөг хяналтын бүлэг (OVX)-т биеийн жин огцом нэмэгдэж, ийлдэс дэх триглицерид, холестеролын хэмжээ ихэссэн. Туршилтын бүлгийн амьтдыг сонгино, саримстай тэжээлээр хооллосны дараа биеийн жин, ийлдэс үрэвслийн цитокин буурсан нь тэдгээрийг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болохыг батлав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 7
Ишлэгдсэн тоо : 0