Дэлхий дахинд ургамлын хүрээлэн буй орчны стресст дасан зохицох чадварыг нь нөхцөлдүүлж буй генийг илрүүлж, түүнийг үр тарианы болон малын тэжээлийн ургамалд шилжүүлэн суулгаж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн жишээ цөөнгүй байна. Манай орны хувьд уур амьсгалаас шалтгаалан бэлчээрийн болон зэрлэг ургамлууд нь богино зуны улиралд дасан зохицон хурдан соёолж, ургахаас гадна эрс тэс уур амьсгал болон бэлчээрийн талхлалт зэрэг хүрээлэн буй орчны стресст дасан зохицсон байх нь гарцаагүй юм. Тиймээс бид Монгол орны хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицсон бэлчээрийн ургамлуудаас хурдан соёололт болон эрчимтэй ургалт зэрэг ашигтай фенотип үзүүлж буй ургамлын генетик зохицуулгыг илрүүлэх зорилгын хүрээнд тус судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.
Нүүдэлчин Монголчууд ямар улиралд, ямар мал, ямар ургамал иддэг, тухайн ургамал нь ямар онцлогтой талаар уламжлалт мэдлэгийн арвин сантай, ажигч гярхай ард түмэн билээ. Лабораторийн нөхцөлд бидний хийсэн үрийн соёололтын эрчмийг тодорхойлох анхан шатны скрининг судалгааны дүнд хурдан соёолох чадвартай нь тогтоогдсон Саваан булган сүүл (Chloris virgata)-ийг бид цаашдын судалгаандаа сонгон авсан болно. Малчин Монголчууд энэ ургамлыг “Говийн ерхөг” хэмээн нэрлэж, хэнзлэх чадвар сайтай, бог мал зундаа сайн иддэг, сайн чанарын тэжээлийн ургамал хэмээн өндрөөр үнэлдэг байна. Үүнээс гадна Саваан булган сүүл нь хурдан ургадаг, ишний салаалалт арвин, хэнзлэн ургах чадвартай гэдэг нь лабораторийн туршилтуудаар батлагдсан.
Хурдан соёололттой Саваан булган сүүлд Next Generation Sequencing технологи ашиглан ургалтын 4 өөр хөгжлийн шатан дахь РНХ-ийг ялган, дарааллыг тогтоосон. мРНХ-ийн дарааллын сангаас ургамлын соёололтыг зохицуулагч гиббереллиний хүчил, үрийн тайван байдлыг зохицуулагч абсцизын хүчил, өсөлт хөгжилд оролцдог брассиностероид, ишний салаалалтыг хянадаг стриголактон гормонуудын нийлэгжил болон сигнал дамжуулах замын генийн гомологиудыг илрүүлэн, Ion Proton Sequence технологиор генийн экспрессийг тодорхойлсон. Судалгааны үр дүнд Саваан булган сүүлийн соёололтын шатанд гиббереллиний хүчлийн нийлэгжлийн замд оролцдог CPS, GA20-ox2 болон задралын замын GA2-ox1 мөн абсцизын хүчлийн сигнал дамжуулах замд оролцдог PYL1, SnRK2, ABI5, нийлэгжлийн замд оролцдог NCED бүлгийн генүүд чухал болохыг тогтоосон. Мөн Саваан булган сүүлийн идэвхтэй ургалтыг брассиностероидын сигнал дамжуулах замын BRI1, BAK1, BSK1, BSU1, BSS1 болон нийлэгжлийн замын DET2, DWF4, CPD, BR6ox, BAS1 зэрэг генүүд дэмжиж байгааг тогтоов. Үүнээс гадна стриголактоны сигнал дамжуулах замын D14 болон DLK2 генүүдийн экспресс бага байгаа нь Саваан булган сүүлийн ишний салаалалт ихээр үүсэхэд нөлөөлж байна. Энэхүү судалгаагаар олж авсан мэдээллийн санг Саваан булган сүүлийн цаашдын генийн судалгаанд ашиглах бүрэн боломжтой хэмээн үзэв.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 10
Ишлэгдсэн тоо : 0