Хүүхэд үрчлэлтийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт энэхүү диссертаци нь хүүхэд үрчлэлтийн харилцаа, түүний эрх зүйн зохицуулалтын эртний үеэс эхлэн өнөөг хүртэлх түүхэн хөгжлийг судалж, Монгол Улсын дотоодын хууль тогтоомжийг Монгол улсын нэгдэн орсон Олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй хэрхэн нийцэж буйд дүн шинжилгээ хийн, дотоод болон гадаадын 4 улсын хүүхэд үрчлэлтийн практик, түүний эрх зүйн зохицуулалтыг харьцуулан, хүүхэд үрчлэлтийн харилцаанд зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт ярилцлага хийх, статистик дүн мэдээллүүдийг нэгтгэн дүгнэх замаар практикт тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлж, түүнийг шийдвэрлэх арга замын талаар судлаачийн зүгээс өөрийн санал дүгнэлтийг дэвшүүлсэн болно. Энэхүү диссертаци нь удиртгал, 3 бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн бүтэцтэй.
Судалгааны үндэслэл (асуудал)-д Монгол Улсын хүүхэд үрчлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, үрчлэгдсэн хүүхдийн эрх зүйн орчин, хяналт хамгаалалтыг бэхжүүлэх шаардлагатай талаар, Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцоор хүлээсэн үүрэг, амлалтуудыг сануулж, Монгол Улс дахь хүүхэд үрчлэлтийн тогтолцоонд тулгарч байгаа асуудлуудыг дэвшүүлсэн болно. НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын хүүхэд үрчлэлтийн үйл явцын талаар 2010, 2017 онуудад удаа дараагийн дүгнэлт, зөвлөмж, шүүмжийг ирүүлсэн. Үүнд:
1.Үрчлэх хүсэлтэй эцэг эхэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ байхгүй
2.Үрчлэлтийн дараах хяналтын механизм байхгүй
3.Үрчлэлтийн нэгдсэн бодлого, бүртгэлийн нэгдсэн тогтолцоо байхгүй
4.Хувийн үрчлэлттэй холбоотой эрсдэл ихтэй
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улсын хүүхэд үрчлэлтийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох юм. Эцсийн үр дүнд хүүхэд үрчлэлтийн харилцаанд оролцогч үрчлэгч, үрчлүүлэгч, үрчлэгдэгч этгээдүүдийн эрх ашиг сонирхлыг хамгаалсан зөв зүйтэй эрх зүйн зохицуулалтыг бий болгох, практикт тулгамдаж буй асуудлыг арилгахад оршино.
Арга зүйн хувьд эхлээд хүүхэд үрчлэлтийн харилцааны мөн чанар, түүний эрх зүйн зохицуулалтын гадаад дотоодын уламжлал, хөгжлийг түүхчлэх аргаар тоймлон авч үзсэн. Түүний дараа Монгол Улсын хүүхэд үрчлэлтийн дотоодын болон Олон улсын эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг судлан үзэх замаар зөрчлийг илрүүлэх, нийцлийг хангах зорилгоор хууль зүйн дүн шинжилгээ хийсэн болно. Түүний дараа хүүхэд үрчлэлтийн сайн туршлагыг судлах зорилгоор үрчлэлтийн сайн бодлого, туршлага, процесс, журам бүхий, эрх зүйн боловсронгуй зохицуулалттай 4 улсыг сонгон авч дараах чиглэлээр Монгол улстай харьцуулан судалсан болно.Үүнд:
1.Үрчлэлтийн эх сурвалж
2.Үрчлэлтийн асуудал шийдвэрлэх эрх бүхий байгууллага, түүний чиг үүрэг
3.Үрчлэгч эцэг эхэд тавигдах шалгуур
4. Үрчлэгдэх хүүхдэд тавигдах шаардлага
5.Үрчлэлтийн дараах хяналт
6.Үрчлэлтийг хүчингүйд тооцох зохицуулалт
7.Байршуулахын үйл ажиллагааны зохицуулалт
8.Үрчлэлтийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
9.Мэдээллийг ил болгох, мөрдөх ба дахин нэгтгэх үйлчилгээ
Монгол Улсын үрчлэлтийн практикт тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх зорилгоор энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг чиг үүргийн 21 байгууллагуудын төлөөллөөс судалгаа авч, асуулга, ярилцлага хийсэн болно. Судалгааны үр дүнд дараах 4 багц асуудлыг илрүүлсэн. Үүнд:
1. Монгол улсад хүүхэд үрчлэлтийн талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлого, үйл ажиллагаанд баримтлах нэгдсэн журам байхгүй.
2. Монгол улсын хүүхэд үрчлэлтийн харилцааны эрх зүйн зохицуулалт нь дотоодын болон олон улсын эрх зүйн хэм хэмжээтэйгээ зөрчилдөж байна.
3. Хүүхэд үрчлэлтийн бодлого хэрэгжүүлэх, олон талт нарийн төвөгтэй энэ процессыг удирдах нэгдсэн чиг үүргийн байгууллага дутагдаж байна.
4. Хүүхэд үрчлэлтийн процесст дэмжлэг үзүүлэх, мэдээлэл өгөх, өргөдөл хүсэлт хүлээн авах, бүртгэх, хянах, тайлагнах нэгдсэн цахим систем дутагдаж байна.
Энэхүү судалгааны ажлын ач холбогдол нь Монгол улсын хүүхэд үрчлэлтийн эрх зүйн зохицуулалтыг олон улсын гэрээ болон гадаадын хөгжингүй зарим улс орнуудын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалж, хүүхэд үрчлэлтийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, хүүхэд үрчлэлтийн практикийг сайжруулахад өөрийн зүгээс хувь нэмрээ оруулж буй юм.
Судалгааны ажлын шинэлэг тал нь хүүхэд үрчлэлтийн сайн бодлого, туршлага, эрх зүйн зохицуулалт бүхий гадаад орнуудын хүүхэд үрчлэлтийн практик, эрх зүйн зохицуулалтыг дотоодынхтой харьцуулан судалж, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудын хэрэгжилт, дотоодын хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлэх, хүүхэд үрчлэлтийн харилцаа, үрчлэлтийн процесс, процедурыг цогц байдлаар судалж, тэдгээрийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар өөрийн санал дүгнэлтийг дэвшүүлсэн болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0