Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Барааны тэмдэг түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.5 Хууль
Улсын дугаар : 4751
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : эзэмшигч, хохирол, нөхөн төлүүлэх, хууль

Аннотаци

Монгол Улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэн орсноор өнөөгийн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн анхны хувилбарыг 1997 онд баталснаар барааны тэмдгийн эрхийг хувийн бизнес, өмчийн эрх гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан байна. Барааны тэмдгийн түүхэн хөгжлийг тоймлон авч үзвэл:
Нэгдүгээрт, ур хийцийг ялгах зорилгоор урчууд өөрсдийн бүтээлдээ ялгах тэмдгийг анх ашиглаж ирсэн уламжлалтай бөгөөд мал амьтныг тамгалах, имнэх хэлбэрээр тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэж байсан нь бусад айлын мал, амьтнаас ялгах зорилготой байжээ.
Хоёрдугаарт, барааны тэмдгийг бүртгэж эхэлснээс улс орон болгон өөр өөрийн онцлог бүхий худалдааны эрх зүйн зохицуулалтай болж эхэлсэн үе. Энэ үед Европын орнуудад аж үйлдвэрийн хувьсгал өрнөж, Олон Улсын худалдаа эдийн засгийн харилцаа хөгжих үндэс суурь тавигдаж эхэлсэн хэдий ч гадаад улсуудтай харилцах нөхцөл байдал хүндрэлтэй байсан байна.
Гуравдугаарт, оюуны өмчийн бүртгэлийн зарчим тогтсон үе: XVIII зууны сүүл үеэс Оюуны өмч, барааны тэмдгийн Олон Улсын гэрээ, хэлэлцээр, конвенцууд батлагдаж, дэлхийн аж үйлдвэрлэлийн даяарчлал хүчтэй явагдаж, эрх зүйн нэгдсэн систем тогтох нөхцөл бүрдсэн. Энэ нь Олон Улсын худалдаа эдийн засгийг хөгжүүлэх, тэр дундаа оюуны өмчийг хамгаалах эрх зүйн нэгдсэн тогтолцоотой болсноор оюуны өмчийн эрхийн хамгаалалтын олон гэрээ конвенцууд батлагдсан байна
Дөрөвдүгээрт, орчин цагийн оюуны өмчийн эрх зүйн харилцааны үндсэн суурь бол Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай 1883 оны Парисын конвенцоос эхлээд Дэлхийн Оюуны өмчийн холбогдолтой 16 гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг Монгол Улс дэмжиж, нэгдэн орсон явдал нь бусад улс орнуудтай ижил түвшинд хөгжих боломж бүрдсэн гэдгийг харуулсан байна.
Хувийн өмчийг бий болгох түүнийг өмчлөх эрх үүсэх, дуусгавар болгох эрх зүйн харилцаа нь Монгол улсын хувьд дэлхийн нийтийн чиг хандлага, Олон Улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаагаар тодорхойлогддог. Оюуны өмчийн эрх зүйн үндэсний тогтолцоог бий болгож, төрөлжсөн хуулиудыг батлан гаргаснаар барааны тэмдгийн эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхийг Иргэний хууль, Оюуны өмчийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиудад тусган хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Барааны тэмдгийн хуулийн зохицуулалтын нийтлэг гол шинж чанаруудын нэг нь эдийн засгийн үр өгөөжийг агуулдаг боловч анхдагч үүсэл нь бизнес эрхлэгчийн барааг таних хэрэгсэл гэдэг утгаараа бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагаа явагдахгүй тохиолдолд ямар ч үүрэг гүйцэтгэдэггүйгээрээ оюуны өмчийн бусад төрлүүдээс ялгаатай байдаг онцлогтой.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “төрт ёс, түүх соёлынхоо уламжлал”-ыг нандигнан хөгжүүлэхийн ач холбогдлыг тунхаглан заасан нь хууль зүйн шинжлэх ухааныг тэр дундаа бие даасан салбар эрх зүйн хөгжлийн суурийг бэхжүүлсэн юм. Манай улс 1996 онд "Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль”, 2003 онд “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”, 2010 онд “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг хийсэн байна. Монгол Улс 1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүнээр элсэж, “Аж үйлдвэрийг өмчийг хамгаалах тухай Парисын конвенц”, “Барааны тэмдгийн Олон Улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр”-ийг соёрхон баталж, Олон Улсын гэрээний хэм хэмжээнд нийцүүлэн үндэсний хууль тогтоомжид тодорхой өөрчлөлт, шинэчлэлийг хийсээр ирсэн байна. Монгол Улсын “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-д дараах байдлаар тусгасан байна. Үүнд:

3. Конвенцод нэгдсэн бүх улс дагаж мөрдөх хэд хэдэн нийтлэг дүрмийг тусгаж шүүхийн болон барааны тэмдгийг хүчингүй болгох хуулийн зохицуулалтуудыг Олон Улсын гэрээнд заасны дагуу үндэсний хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлсэн зэрэг нийтлэг зохицуулалтыг бий болгож, гадаад улсын барааны тэмдгийн бүртгэлийг хамгаалах зохицуулалтуудыг тусгасан байна.
Монгол Улсын оюуны өмчийн эрх зүйн асуудлыг 1952 оны “Иргэний хууль”-д тусгаж зохицуулснаас хойш барааны тэмдэг, газар зүйн заалтын дүрмээр хууль, эрх зүйн харилцааг зохицуулж ирсэн бол хууль хэлбэртэй эрх зүйн эх сурвалж болтлоо хөгжсөн байна.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль” /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийн судалгааг хийсэн бөгөөд судалгааны үр дүн, санал нь барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хуульд тусгагдсан нь ач холбогдолтой судалгаа болсон юм. Уг нэмэлт, өөрчлөлтөөр барааны тэмдгийн эрх зүйн харилцааг зохицуулах шинэлэг заалтуудыг нэмж оруулсан хэдий ч практикт хуулийн хийдэл үүсэх, барааны тэмдэг эзэмшигчийн эрх зөрчигдөх явдал гарсаар байна.
Практик судалгаанаас үзвэл барааны тэмдгийн урьдчилсан мэдүүлгээр Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй үндэслэлээр хамгийн олон урьдчилсан татгалзал байгаа нь харагдаж байна. Энэ нь барааны тэмдэг мэдүүлэгчдийн өөрийн бараа, бүтээгдэхүүнийг эрхийн хамгаалалтад авах гэсэн хүсэл зориг, нөгөө талаас ижил, төсөөтэй барааны тэмдэгтэй хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байдаг. Барааны тэмдэг мэдүүлэгчдэд хуулиар олгосон боломж нь эрх бүхий албан тушаалтны барааны тэмдэг бүртгэхээс урьдчилсан татгалзсан шийдвэрт үндэслэл бүхий тайлбар өгөх боломж юм. Тайлбар нь барааны тэмдэг бүртгүүлэхээр мэдүүлсэн этгээд өөрийн бараа, бүтээгдэхүүнийг бусад этгээдийн бараа, бүтээгдэхүүнээс ялгагдах онцлог, давуу талыг үндэслэлтэй тайлбарлах, бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зэрэг олон улсын жишигт нийцсэн ойлголт юм.
Барааны тэмдгийн зарим зүйл нь тухайн барааны тэмдгийн дийлэнх хэсгийг бүрдүүлэхээргүй бол тухайн зүйлийг хамгаалалтад авахгүйгээр барааны тэмдгийг бүртгэж болох зохицуулалт нь ялгагдах шинж чанар агуулаагүй барааны тэмдэг бүртгэгдэх үндэслэл болдог нь судалгааны ажлын явцад ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл тухайн зүйлийг хамгаалалтад авахгүйгээр гэдэг нь барааны тэмдгийн илэрхийлэгдэх хэлбэрийг хамгаалалтад авахгүйгээр бүртгэж болно гэсэн агуулгатай бөгөөд хамгаалалтад авахгүйгээр бүртгэх нь хэрэглэгчийг төөрөгдөл оруулах, шударга бусаар давуу эрх эдлэх, бусдын барааны тэмдгийн онцгой эрхийг зөрчих нөхцөлийг бүрдүүлж байна. Энэхүү үндэслэлээр үүссэн маргааныг шүүхийн журмаар хэлэлцэж, барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэр гаргаж байгааг цаашид анхаарах шаардлагатай юм. Учир нь онцгой эрх эзэмшигчийн эрхийг хөндсөн шийдвэр гаргах нь эрх зөрчигчдөд бусдын эрхийг зөрчих боломж олгох, санхүүгийн эрсдэлд оруулах, бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэдэг. Бизнесийн үйл ажиллагаа тогтворжиж, нэр хүндтэй болох тусам барааны тэмдгийн үнэлэмж өсөх, нийтэд танил болсноор бизнесийн үйл ажиллагаа хэвийн тогтвортой байх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, барааны тэмдэг нь зах зээлийн харилцаанд хүлээн зөвшөөрөгдсөнөөр ашиг олох боломж төдий хирээр нэмэгддэг. Тиймээс төрийн захиргааны байгууллагын шийдвэр маш чухал нөлөөтэй байдаг.
Барааны тэмдгийг мэдүүлэх процессоос эхлэн бүртгэх, хянах, удиртгал болгох, шийдвэр гаргах, баримт бичигт “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц” ихээхэн чухал үүрэгтэй. Энэ конвенцын заалт, зүйл бүрийг зөв хэрэглэх нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх зарчмын агуулгаар илэрдэг. Түүнчлэн конвенцын зарим заалтыг алдаатай орчуулснаас практикт буруу жишиг тогтоож байна. Тухайлбал, худалдааны нэр гэх ойлголтыг аж ахуйн нэгжийн нэр болгон орчуулснаас гэрээ, конвенцыг буруу хэрэглэх, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах зэрэг сөрөг үр дагаврууд үүсэж байна. Аж ахуйн нэгжийн нэрийн маргаан нь нэг талаас улсын бүртгэлтэй холбоотой, нөгөө талаас барааны тэмдгийн бүртгэлтэй холбоотой маргаан болох тул дээрх конвенцын зүйл заалтыг оновчтой, зөв орчуулах шаардлагатай байна.
Барааны тэмдэг эзэмшигч нь өөрийн онцгой эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй хэдий ч хохирол нөхөн төлүүлэх механизм хэрэгжихгүй байна. Энэ нь хохирол тооцох журамгүй, хохирлын үнэлгээг бодитой тооцдоггүй болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэлээс харагдаж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 93
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :