Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

"Монгол Улсын аюулгүй байдалд Энэтхэг-Номхон далайн стратегийн үзүүлэх нөлөөллийн шинжилгээ”



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4760
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : геополитик, их стратеги, геостратеги, хүчний тэнцвэр, жийрэг улс, их гүрэн

Аннотаци

Энэхүү диссертаци нь АНУ, Хятад, Оросын геополитикийн сөргөлдөөн дунд хэрэгжиж буй АНУ-ын Энэтхэг-Номхон далайн стратегиас Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд үзүүлж болох нөлөөллийг шинжлэн судалсан бүтээл юм. Монгол Улс нь Орос, Хятадын дунд орших жийрэг улсын хувьд их гүрнүүдийн мөргөлдөөнд өртсөөр ирсэн түүхтэй. Мөнхүү судалгааны ажлаар Энэтхэг-Номхон далайн стратегийн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд үзүүлж болох нөлөөллийг шинжилж, сөрөг нөлөөллийг бууруулах бодлогын чиглэлийг тодорхойлохыг гол зорилго болгов. Судалгаанд сонгодог геополитик, давшингуй реализм, стратеги судлал гэсэн гурван тулгуур бүхий онол, арга зүйн хүрээг боловсруулж ашиглав. Энэ нь их гүрнүүд хоорондын хүчний үйлчлэлийн динамик, түүнээс бага буурай улсуудад үзүүлэх нөлөөллийг тайлбарлах үндсэн суурийг бүрдүүлж өгөв.
Судалгааны арга зүйд дедуктив арга, учир шалтгааны тайлбар, анализ ба синтез, түүхэн кейс судалгаа зэргийг ашиглав. Энэхүү судалгаа нь Монголын жийрэг улсын геополитикийн мөн чанарыг шинжлэн судалж, стратегийн үүрэг ролийг нь тодорхойлохыг зорьсон анхны эрдэм шинжилгээний ажил болсон гэдгийг онцлон тэмдэглэвэл зохино. Монголын геополитикийн түүхэн дэх гол гол эгзэгтэй мөчлөгүүдийг тодорхойлж, Афганистан, Солонгосын хойг, Украин зэрэг бусад жийрэг улстай харьцуулсан жишээг авч үзэв.
Судалгааны үр дүнд Орос, Хятад, АНУ-ын их стратегийн мөн чанарыг тодорхойлон гаргав. Энэ хүрээнд Орос улс нь Монголыг чухал ач холбогдолтой жийрэг улс гэж үзэх уламжлалт бодлоготой, өнөөгийн Хятад хэмээх их гүрэн нь өөрийн бүс нутагт төдийгүй Еврази даяар нөлөөллөө эрчимтэй тэлэх амбицтай бодлого хэрэгжүүлж буй, АНУ-ын зүгээс Хятадын өсөлтийг тэнцвэржүүлэх стратеги хэрэгжүүлж буй зэргийг онцолж гаргав.
Энэтхэг-Номхон далайн стратегийн цаашдын өрнөлийг Монголын өнцгөөс авч үзэж шинжлэхдээ, 4 үндсэн сценарийг авч үзэв: Орос-Америкийн эвсэл үүсэх; Америк нь Орос, Хятадтай нэгэн зэрэг хоёр фронтын дайн өдөөх; Орос-Хятадын эвсэл үүсэх; Америк-Хятадын зөвшилцөл үүсэх.
Монгол Улс аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд Орос, Хятадтай тогтоох харилцаандаа тэнцвэржүүлэх стратегийг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ АНУ тэргүүтэй “гуравдагч хөрш”
-тэй идэвхтэй харилцвал зохино гэж дүгнэв. Бодлогын зөвлөмжид Орос улстайх харилцаагаа идэвхжүүлэх, Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ түүний амбицыг анхааралтай хянаж байх, бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжих, үндэсний эв нэгдлийг нэмэгдүүлэх зэрэг санал оруулав. Энэхүү судалгаа нь их гүрнүүдийн геополитикийн харилцаан дундах их гүрнүүд ба жийрэг улс хоорондын харилцан үйлчлэлийг тайлбарлах чиглэлд тодорхой хувь нэмэр оруулж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын стратегид шууд хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж чиглэлийг санал болгон дэвшүүлэв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 8

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 36
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0