Ойрад монголчуудын сурган хүмүүжүүлэх өв уламжлал, туршлагыг судлан нэгтгэж задлан шинжилгээ хийх, улмаар практикт хэрэгжүүлэх боломж, арга замыг тодорхойлоход оршино.
Судалгааны ажлын зорилт:
• Монголчуудын сурган хүмүүжүүлэх үзэл санаа, түүний онцлогийг ойрад түмний жишээн дээр судлан тайлбарлах.
• Ойрад монголчуудын сурган хүмүүжүүлэх өв уламжлалыг сэдэвлэн ангилж, дүн шинжилгээ, дүгнэлт хийх.
• Монголчуудын сурган хүмүүжүүлэх өв уламжлалыг орчин үед сэргээх боломж, арга замын талаар санал дэвшүүлэх.
Судалгааны ажлын онол, арга зүй:
Хүмүүжлийн үндэсний тогтолцоо нь иргэн төлөвшүүлэх туйлын зорилго, зарчим, арга барил, хэрэглүүртэй бөгөөд сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах өвөрмөц хэлбэртэй гэсэн Г.Н.Волковын үзэл баримтлалыг энэхүү судалгааны ажлын арга зүйн гол баримтлал болгож байна. Мөн түүнчлэн ойрад түмний “Дөрвөн Ойрадын түүх тууж хэмээн оршив”, “Дөрвөн Ойрадын намтар оршвой”, “Равжамба Зая бандидын тууж Сарны гэрэл хэмээх оршив”, “Дөрвөн Ойрадын түүх” зэрэг сурвалж бичгүүд, хууль цаазын бичиг, ардын ёс заншил, ардын аман зохиолын хэрэглэгдэхүүн, угсаатны зүйн хээрийн судалгааны материал, аман сурвалжилга, судлаачдын зохиол бүтээлийг эх сурвалж болгон ашигласан болно.
Зорилтуудыг шийдвэрлэх, дэвшүүлсэн таамаглалаа нотлохын тулд судалгааны дараах түгээмэл аргыг хэрэглэв. Үүнд:
• Нэрт сурган хүмүүжүүлэгчид, сэтгэгчдийн холбогдох зохиол бүтээлийг судлан, тэдний санал дүгнэлтийг нягтлах.
• Ойрадын түүхийн тулгуур сурвалж бичиг, хууль цааз, ардын ёс заншил, ардын аман зохиолын хэрэглэгдэхүүн, угсаатны зүйн хээрийн судалгааны материал, аман сурвалжилга, судлаачдын зохиол бүтээлд ангилал хийх, бүлэглэх, жишиж харьцуулах, дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх.
• Асуулга, ярилцлага, ажиглалт, баримт бичгийн шинжилгээ.
Судалгааны шинэлэг тал:
Монгол ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлалын асуудлаар урьд өмнө судалгаа шинжилгээний ажил туурвисан судлаачдын нэг хэсэг нь монголчуудын сурган хүмүүжүүлэх өв уламжлал, шинэчлэл болон зарим зарчим, арга, хэрэглүүр, дэвшилтэт үзэл санааг өнөөгийн практикт нэвтрүүлэх асуудлыг хөндөж, нөгөө хэсэг нь түүх, угсаатны зүйн болон аман зохиолын өвд туссан ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлалыг илрүүлэн тайлбарлах чиглэлээр ажилласан байна. Харин эл судалгаа нь бага насны хүүхдийг гэр бүлд нь хүмүүжүүлж байсан ойрад угсаатны туршлагыг нарийвчлан судалж, энэхүү өв уламжлалын тогтолцоо, зарчмыг илрүүлэн улмаар өнөөгийн нөхцөлд сэргээх арга замыг боловсруулснаараа өмнөх судалгаануудаас ялгаатай бөгөөд шинэлэг болно.
Судалгааны ажлын шинжлэх ухаан, практик ач холбогдол:
Аливаа үндэстэн угсаатны сурган хүмүүжүүлэх өв соёлыг судлах, манай оронд аж төрөн амьдарч буй хорь гаруй угсаатны бүлгийн сурган хүмүүжүүлэх өв уламжлалыг тус бүрийд нь нарийвчлан судлахад онол, арга зүйн чиглэл болох төдийгүй өнөөгийн нөхцөлд сэргээн ашиглах үзэл баримтлалыг боловсруулахад хэрэглэгдэхүүн болно. Түүнчлэн ойрад монголчуудын сурган хүмүүжүүлэх өв уламжлалын тухай мэдээллийг судалгааны эргэлтэнд оруулснаар бусад угсаатны бүлгийн сурган хүмүүжүүлэх өвтэй харьцуулан судлах, бие биеэ нөхөх, харилцан суралцахад ямар нэг хэмжээгээр дөхөм үзүүлнэ.Ойрад монголчуудын ёс заншил, аман зохиолын өв сан, соёлд туссан сурган хүмүүжүүлэх өв уламжлалтай танилцах боломжийг олгох, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйд монгол үндэсний сурган хүмүүжүүлэх өв уламжлалаас тусгах санал, үндэслэл болж өгнө. Мөн түүнчлэн, монголчуудын сурган хүмүүжүүлэх өв уламжлалын талаар сургалт, судалгааны ажлыг зохион байгуулах, өвийг сэргээн практикт нэвтрүүлэх, гэр бүлд хүүхдийг багаас нь зөв хүмүүжүүлэн сургах арга, хэрэглүүр, зарчмыг тусгаснаараа олон нийт, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд гарын авлага, зөвлөмж болох арга зүйн ач холбогдолтой, зарим аман мэдээ, асуулга, ярилцлага нь судалгааны эх сурвалжийн үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна.
Судалгааны объект:
Монгол Улсын Ойрадуудын өв соёл
Судалгааны ажлын бүтэц:
Энэхүү судалгааны ажил нь удиртгал, 2 бүлэг, 4 зүйл, бүлгийн ба ерөнхий дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд хүснэгт 47, хавсралт 4, бүдүүвч 4 бүхий нийт 201 хуудастай юм.
Өнөөгийн даяаршиж буй дэлхий ертөнцөд монгол улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд үндэсний өв уламжлал, түүний дотор ард түмний сурган хүмүүжүүлэх өв уламжлал чухал байр суурь эзэлнэ. Сурган хүмүүжүүлэх түүхэн өв, ёс заншил, тэдгээрийг ёсчлон дагах замаар түгээн дэлгэрүүлж, залуу үеэ сургаж хүмүүжүүлж ирсэн байдлыг судлан дүгнэх, баяжуулан ашиглах хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаа нь уг сэдвийг судлах гол үндэслэл болсон билээ.
Энэхүү судалгаа нь сурган хүмүүжүүлэх монгол өв уламжлал, туршлагыг монгол үндэстний нэгэн томоохон бүлэг болох ойрад түмний жишээн дээр судлах, цуглуулан нэгтгэх, сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс задлан шинжилгээ хийх, улмаар судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх боломж, арга замыг тодорхойлох зорилго агуулсан болно.
Монголчуудын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний уламжлалаас харахад дөлгөөн тайван, гүндүүгүй, зочломтгой, найрсаг, зоримог шийдэмгий, үнэнч шударга, цагаан цайлган сэтгэл, ахмадыг хүндэтгэх үзэл, тусч өгөөмөр, хатуу зөөлний зөв зохицлыг баримталдаг, нэр төрөө эрхэмлэдэг, хөдөлмөрч хүнийг хүмүүжүүлэхэд онцгойлон анхаарч ирсэн байдаг. Эдгээр нийтлэг шинжийн зэрэгцээгээр монголын угсаатны бүлгүүдийн үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн арга ухаан нь өөр өөрийн онцлогтой юм. Тухайлбал: ойрад түмэн нь хуримын ёс, гэр бүрэх ёс, бэрлэх ёс, дээр мөргөх ёс, овог ясны угсаагаар мөшгөн ураг садны сүлбээ холбоо тогтоох ёс, нагацыг хүндлэх ёс, мэндийн ёс, урлаг бүжиг наадмын төрөл (бий биелгээ, аман хуурын янз бүрийн төрлүүд, икэлийн ая хөг, уртын дууны эгшиглэл, цуур, хөөмий, исгэрээ, бух барилдаан) зэрэг зан үйлээрээ бусад угсаатны бүлгүүдээс ялгаатай. Судалгааны бүтээлээс харахад ийнхүү ялгаатай байдал нь нэгдүгээрт, олон жил үргэлжилсэн дайны байдал, тайван бус амьдрал, хямрал тэмцэл, хоёрдугаарт, байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөл, гуравдугаарт, байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон аж ахуй эрхлэн хөтлөх арга ажиллагаатай тус тус холбоотой гэдэг нь харагдаж байна.Түүхэн амьдрал, газар нутаг, байгаль цаг уур, эрхлэх аж ахуйгаас улбаатай эдгээр онцлог нь тэднийг үр хүүхдээ багаас нь юуны түрүүнд бэрхшээл хүндрэлийг давах тэсвэр хатуужилтай болгох, эр зориг, ажилсаг хөдөлмөрч чанарт сургахад түлхүү анхаарч ирсэн байна. Ингэхдээ хүмүүжлийн ажил насан туршид үргэлжилдэг байх, байгалийн орчинг дээдэлдэг байх, эцэг, эхийн үлгэр дуурайл, өрх гэрийн үүрэг нөлөөг чухалчилдаг байх, удмын үлгэр дуурайлыг түгээн сурталчилдаг байх, ахмадын үг сургаалыг дагадаг байх, эрэгтэй хүүхдэд анхаарал хандуулдаг байх, эр зоригийн хүмүүжлийг эрхэмлэдэг байх, эх оронч үзэлтэй байх, өөрөө өөрийгөө ухаарах, хөгжүүлдэг байх, өөрийн болон бусдын нэр төрийг эрхэмлэн хүндэтгэдэг байх, эв эеийг хичээдэг байх, хамтач нийтэч байх, хамт олноор дамжуулан хүмүүжүүлдэг байх, сурган хүмүүжүүлэгч мэдлэг, чадвар, үлгэр дуурайлалтай байх, хөдөлмөрийн явцад болон хөдөлмөрөөр дамжуулан хүмүүжүүлдэг байх, тэсвэр хатуужилтай байх, арвич хямгач байх, хүндэтгэл, шаардлагыг хослуулдаг байх, хувийн болон насны онцлогийг харгалздаг гэсэн шаардлагуудыг гол зарчмаа болгодог байсан гэж үзэв. Харин сурган хүмүүжүүлэх хэрэглүүрийг нэгдүгээрт, амьдрал үйл ажиллагаагаар илрэх, хоёрдугаарт, ардын билиг, үг хэлээр илрэх гэсэн хоёр төрөлд хуваан авч үзэж зохих тайлбар хийв. Сурган хүмүүжүүлэх аргын хувьд зөвшөөрч сургах, хориглон цээрлүүлэх арга давамгайлж байгаа нь судалгаагаар тогтоогдов. Сурган хүмүүжүүлэх зарчим, арга хэрэглүүрийг оновчтой тодорхойлох нь онол, практикийн ихээхэн ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Судалгаагаар уламжлалт сурган хүмүүжүүлэх мэдлэг ухаан болох хүмүүжлийн арга, аман болон бичгийн уламжлал, цээрлэх ёс, тоглоом наадгай, хүүхэдтэй холбоотой ёс заншил, нийтийн хөдөлмөр, түүний баяр ёслолын горим журам, өрх гэрийн зан үйл, ёс заншил, шавь сургуулийн уламжлал мартагдаж буй, үүнд анхаарал хандуулах цаг болсон нь харагдаж байна.
Судалгааны ажлын үр дүнгээс үүдэн өв уламжлалаас суралцах ажлыг сайжруулах, сурган хүмүүжүүлэх үзэл санаа, туршлагыг сэргээн шинэчлэх, улмаар өв уламжлалаа авч үлдэх арга замын тухайд гэр бүл, хот саахалт, овог элхэн, төрөл садны болон аж ахуйн хэлхээ холбоо бүхий нийгмийн хэсэг бүлгийг хамарсан гэр бүлд 12, хүүхэд залуучуудад эрдэм ном, ажил хөдөлмөр, ааш занг сурган хүмүүжүүлж буй боловсролын байгууллагад 11, нийгэмд 13 үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой гэсэн саналыг дэвшүүлж байна.
Монгол ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлалын агуулга, арга зүйн асуудлыг сурч хөдөлмөрлөх аливаа ажил үйл, амьдралын үйл ажиллагааны авах гээхийн болон арга, билгийн ухааны үүднээс авч үзэхийн зэрэгцээ сургалт, боловсролын шинэчлэлийн аливаа үйл явцад сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний үүднээс хандах үзэл баримтлал болгож судлан шийдвэрлэх хэрэгтэй. Ингэвэл цаашид монгол ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлалыг орчин үеийн сургалтын сурах үйлийн болон сургах үйлийн субъект, объектийн уялдаанд өргөтгөн судалж хэрэгжүүлэх шинэ боломж бүрдэнэ.
Даяаршлын энэ эрин үед монгол хүн монголоороо үлдэх арга замын нэг бол монгол өв соёл, үүх түүх, ёс заншлаа мэдэж хэвшүүлэх, хадгалан хамгаалж, судалж сурталчлан, түүнийгээ хойч үедээ залгамжлуулан өвлүүлэх явдал мөн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0