Соёл, урлаг судлалаар докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хуралдаан СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр болов. Тус хуралдаанаар СУИС-ийн докторант М.Ганжаргалын “Монгол хүүхдийн угсаа, соёлын ижилслийн асуудал” сэдэвт 3 бүлэг, 9 зүйл бүхий докторын зэрэг горилсон бүтээлийг хэлэлцэж, доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулав.
Нэгдүгээр бүлэгтээ хүүхэд судлал, хүүхдийн соёл судлалын онол үзэл баримтлалыг философи, сэтгэл судлал, соёл судлалын ухааны эрдэмтэн судлаачдын бүтээлд тулгуурлан ижилсэл болон угсаа, соёлын ижилслийн онол үзэл баримтлалыг харьцуулан судалж, улмаар хүүхдийн угсаа, соёлын ижилслийн онцлогийг авч үзсэнээр хүүхдийн соёлын судалгааны онцлог, мөн чанарыг; хоёрдугаар бүлэгтээ гэр бүлийн орчинд хүүхдэд холбогдох уламжлалт зан үйлийг хүүхдийг урагт байхаас эхлэн жирэмсэн эхийн цээр ёс, хүүхэд мэндлэх, шинэ хүүхдийн угаалга, нэр өгөх, сахиусан наадгай-тоглоом бүрдүүлэх ёс, хүүхдийг уях, даахь үргээх, хэл, хөлд орох үеийн зан үйл, соёлын морфологийн арга зүйн үүднээс тодруулан судалсанаар хүүхдийг хүмүүншүүлэх монгол угсаатны өвийг тус тус тодруулсан байна. Гуравдугаар бүлэгтээ хүүхдийн угсаа соёлын ижилсэлд боловсролын үүрэг нөлөөг албан ба албан бус соёлын боловсролын хүрээнд тодруулан авч үзжээ. Бага насны хүүхдийн угсаа соёлын ижилсэл төлөвшихөд СӨБ-ын агуулга, хөтөлбөр хэрхэн нөлөөлж байгаа болон бүх нийтийн соёлын боловсролын онцлогийг өөрийн болон гадаадын зарим улс орны жишээн дээр харьцуулан авч үзсэн байна.
Монголчуудын гэр бүлийн доторх харилцаа нь “Санзжин” буюу “Гурван үсэг”-т ном дахь “эцэг асралтай, хөвгүүн тахимдуу, эр найртай, эм эвтэй, ах элэгсэг, дүү бишрэлтэй, хань журамтай, эзэн хичээнгүй” байх зарчимд нийцүүлэн хүнээр хүн хийх монгол ухаан нь соёлын залгамж холбоог хангах таатай орчин болсоор иржээ.
Хүн төрөлх соёлоосоо суралцах, соёлыг эзэмших үйл явцыг соёл судлалын шинжлэх ухаанд “инкультураци” гэж нэрлэдэг. Соёл бол амьд организм болохын хувьд 5 мэдрэхүйт (харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх) шинжтэй бөгөөд тэдгээр нь тухайн соёлын орчинд өсч хүмүүжиж буй хүнд өөриймшсөнөөр угсаа соёлын ижилслийн мэдрэмж төлөвшин, тухайн соёлын хүнийг бүтээдэг байна.
Монголчуудын хүнээр хүн хийх ухаан, монгол хүүхдийн угсаа соёлын ижилслийг төлөвшүүлэх үйл явц бүр эхийн урагт байх үеэс эхлэн хүүхэд хорвоод мэндлэх, өсөж бойжих, сурч мэдэх, хүртэхүй мэдрэхүйн онцлог чадварт нь тулгуурлан тодорхой зан үйл, цээрийн ёс, биеэр үлгэрлэх, хөдөлмөрт сургах, тоглоом наадгай, хүрээлэн буй орчин ахуйгаар дамжин хэрэгжиж ирсэн байна. Харин өнөө цагт нийгэм соёл, технологийн хурдтай хөгжил, амьдралын хэв маягийн өөрчлөлтийн (суурьшмал соёл) улмаас хүүхдийн нийгэмшил, соёл, сэтгэлгээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, сургууль, сургалтын хөтөлбөр, гэр бүлийн орчин гэх мэт хүчин зүйлс чухал нөлөөтэй болж, тэдгээрийг харгалзан үзэхийн зэрэгцээ угсаатны сурган хүмүүжүүлэх соёлын өвийг хослуулсан бодлогыг хэрэгжүүлж байж гэмээнэ монгол хүн монголоороо үлдэх боломж бүрдэх билээ.
Угсаа соёлын ижилсэл нь “ертөнцийн зураглалын” нийтлэг, соёл-түүхийн нэгдмэл мэдрэмжид суурилан “бид” гэсэн нэгэн нийтлэгт өөрийгөө хамааруулан ойлгох үйл явц хэмээн үзэж байна. Хүүхэд насны соёлын судалгааны үүднээс авч үзвэл “угсаа соёлын ижилсэл нь нялх балчраас эхлэн суурь нь тавигдаж, сургуулийн бага ангийн насанд ойлголтын түвшинд ухамсар сууж төлөвшдөг гэж үзэх үндэстэй юм.
Судалгаагаар гэр бүлийн орчинд хүүхдийг төрөлх соёлд нь сургадаг, дадуулдаг зарим ёс уламжлал алдагдахад хүрч байгааг харгалзан үзэж, цаашид бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлбэл зохих (1) Монгол соёлын таван мэдрэхүйт (сонсохуй, үнэрлэхүй, хүртэхүй, харахуй, амтлахуй) шинжийг бага балчраас нь суулгаж, шингээж өгснөөр монгол угсаа соёлын ижилсэл бүхий иргэн хүн бүтээгдэх учиртай тул уламжлалт үнэт зүйлд суурилсан хүүхдийг хүмүүжүүлэх арга ухаан, монгол хүнийг бүтээдэг оюун санааны үнэт өвийг бүх нийтэд өвлүүлэн эзэмшүүлэх; (2) Албан болон албан бус боловсролоор бүх нийтийн соёлын боловсрол, гэр бүлийн боловсролд чиглэсэн хөтөлбөр арга хэмжээг монголчуудын эрхэмлэн дээдлэх есөн үнэт зүйлд суурилан боловсруулах; (3) Шашин соёлын үнэт зүйл нь угсаа, соёлын ижилслийн чухал хүчин зүйл болохын хувьд шашин, сүм хийдийн нийгмийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, олон нийт, хүүхдэд чиглэсэн соён гэгээрүүлэх, сэтгэлийн боловсрол олгох арга хэлбэрийг дэлгэрүүлэх; (4) Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим хэлбэрээр хүүхдийн угсаа, соёлын ижилслийг төлөвшүүлэх контент, нэвтрүүлгийг боловсруулах, түгээх; (5) Соёл, урлагийн байгууллагуудын хөтөлбөр, үйл ажиллагаанд бага насны хүүхдэд зориулсан арга хэмжээ, үйл ажиллагааг өргөжүүлэх, бодлогоор үйл ажиллагааг нь дэмжих зэрэг хэд хэдэн саналыг дэвшүүлсэн байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0