Энэхүү судалгааны бүтээлээр хөрөнгө оруулалтын олон улсын болон дотоодын эрх зүйн өнөөгийн чиг хандлага, тулгамдсан асуудлын хүрээнд гадаадын хөрөнгө оруулагч болон хүлээн авагч улс хоорондын эрх үүргийн харьцуулалт, гадаадын хөрөнгө оруулалт ба нийгмийн болон байгаль орчны харилцан хамаарлыг харгалзсан тэнцвэртэй эрх зүйн орчныг хангах шаардлага, боломж, хүрэх арга замыг судлахыг зорьлоо. Монгол Улсын олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй нь олон улсын чиг хандлагаас ихээхэн хоцорсон буюу гагцхүү гадаадын хөрөнгө оруулагчийг хамгаалах агуулгатай байгааг судалгаа харуулж байна. Харин дотоодын эрх зүйн орчин нь хууль хоорондын зөрчилдөөн ихтэй, хэрэгжихдээ уялдаагүй байгаа нь харагдаж байна. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтын улсын хөгжилд оруулах бодитой хувь нэмэр талаас нь, гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг хариуцлагыг тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд шинээр тодорхойлох, хөрөнгө оруулалтын эрх зүйд төрийн материаллаг болон процессын эрх, үүргийг хүлээн зөвшөөрөх, эрх зүйн зохицуултыг эрх, тэгш, тэнцвэртэй болгох илүү хариуцлагатай, чанартай хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх зайлшгүй болжээ. Монгол Улсын хөгжлийн нэг гол тулгуур нь гадаадын хөрөнгө оруулалт болохын хувьд үндэснийхээ хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг цогц байдлаар буюу Монгол Улсын Засгийн газарт холбогдох шүүх, арбитрын практикийн хамтаар шинжлэн судалж буйгаараа, мөн хөрөнгө оруулагчийн эрхийг бодитой, үр дүнтэй хамгаалах, хөрөнгө оруулагч болон төр хоёрын өөр өөр ашиг сонирхлыг харилцан тэнцвэртэйгээр хамгаалан зохицуулахыг чухалчилснаараа онцлог болсон. Түүнчлэн Монгол Улс нь байгалийн баялаг ихтэй улсын хувьд дэлхийн зах зээлд идэвхитэй оролцох, эрхээ хамгаалахад олон улсын эрх зүйн субьектынхаа хувьд өөрийн олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтаа олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлэх шаардлага байгааг уг бүлээлээр эрэлхийллээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах үүргийг улс орнууд олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хүлээхдээ зарим нэг дархан эрх нь хязгаарлагддаг боловч нийгмийн дэг журам, үндэсний ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд хууль тогтоох, зохицуулах бүрэн эрхийг нь төрд үлдээх нь чухал гэдгийг онцоллоо. Тулгамдсан асуудлын шийдэл болгон бизнесийн эрх чөлөө, үр ашгийг дэмжих, ингэхдээ нийгэм, байгаль орчинд хор хөнөөлгүй байх харилцан үр өгөөжтэй, тэнцвэртэй байх зарчмын хүрээнд Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйд тэнцвэрт харьцааг нэвтрүүлэх үндэслэл, үр нөлөөг гүнзгүйрүүлэн судалж, тэнцвэрийн матрицыг санал болгосон болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0