Нийгмийн шинжлэх ухааны нэг судлагдахуун нь гэмт хэрэг үйлдсэн хүний тухай байдаг. Эрдэмтэн, судлаачид хүний танин мэдэхүй, бие бялдар, нийгэмшлийн чанарын өөрчлөлтийг хүний хөгжил гэж үзэн эрх зүйн хэм хэмжээг ноцтой зөрчин гэмт хэрэгтэн болоход нөлөөлдөг хүчин зүйлийг олж тогтоох, тухайн хүнийг засаж залруулан, эргэн нийгэмд гаргахад бүхий л хүчин зүтгэлээ зориулж ирсэн. Өөрөөр хэлбэл, хүний хөгжилд гадаад орчин, гэр бүлийн хүмүүжил, өсөлт хөгжлийн стандарт, хувь хүний зорилго, хүсэл эрмэлзэл зэрэг хүчин зүйлс нөлөө үзүүлдэг тул гэмт хэрэг үйлдэн хорих ял эдэлж буй хүнд тогтсон буруу хандлага, төлөвшилд нөлөөлөх, эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх, эерэг хандлага, харилцааны ур чадвар эзэмшүүлэн, нийгэмшүүлэх нь дэлхий нийтэд чухлаар тавигдаж иржээ.
Олон улсын түвшинд хүн амын зорилтод бүлгийг нийгэмшүүлэх эрх зүйн орчныг нэн тэргүүнд тавьж үндсэндээ дөрвөн хэсэгт ангилан авч үздэг. Үүнд, нэгдүгээрт хүн амын нийгмийн үйлчилгээг бүхэлд нь хамарсан хоорондоо уялдаатай олон улсын баримт бичиг, хоёрдугаарт нийгмийн үйлчилгээний систем, дэд системийг удирдах хууль, эрх зүйн акт, гуравдугаарт нийгмийн албад, нийгмийн ажилтан, мэргэжлийн хүний нөөцийн ажиллагааны хэм хэмжээг тогтоосон эрх зүйн акт, дөрөвдүгээрт нийгэмшүүлэх ажлын өвөрмөц үйлчлүүлэгч болох хоригдлын эрхийг хамгаалах эрх зүйн баримт бичиг гэж ангилжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлан гаргасан “Иргэний болон улсын төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ийн
10.3 дахь хэсэгт “Хорих байгууллагын дэглэмийн нэн чухал зорилго нь хоригдлыг засан хүмүүжүүлж, нийгмийн хэвийн гишүүн болгох явдал байна. Гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүйчүүдийг насанд хүрэгсдээс тусгаарлаж, тэдний нас, эрх зүйн байдалд нийцсэн дэглэмд байлгана” гэж заасан нь олон улсын түвшинд хорих ял эдлүүлэх ажиллагааны зорилгыг тодорхойлсон явдал юм. Дээрх заалтыг дэлхийн улс орнууд хорих ял эдлүүлэх ажиллагаандаа хэрэгжүүлэн, хорих ял шийтгэгдсэн хүнийг нийгэмшүүлэн, дахин гэмт хэрэг үйлдэх явдлаас урьдчилан сэргийлэхийг үндсэн зорилгоо болгож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн 19 дүгээр зүйлд “Төрөөс эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хүний эрхийг хангах ажиллагааны нэг хэлбэр болох хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны илэрхийлэл юм.
Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг 2015 оны Эрүүгийн хуульд тусгагдсан эрүүгийн хариуцлагын зорилгыг “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” гэж тусгаснаар ШШГТХ-ийн 218-222 дугаар зүйлд хоригдлыг нийгэмшүүлэх ажил, түүний хэлбэр, зохион байгуулалт, хийгдэх ажил, хорих анги дахь сургалтыг хуульчилсан. Энэ зохицуулалтаар хоригдлын хувийн байдлыг харгалзан ял эдлэх бүхий л хугацааг хамарсан боловсрол, ёс зүй, сэтгэл зүйн нөлөөллийн үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмшүүлэх эрх зүйн үндэс тавигдсан.
ШШГТХ-ийн дээрх эрх зүйн зохицуулалтаас өмнө хоригдолд сургалт, хүмүүжлийн ажил явуулах, хөдөлмөрлүүлэх замаар нөлөөллийн ажлыг зохион байгуулж байсан уламжлалтай билээ. ШШГБ нь 2004 онд анх удаа нийгмийн ажилтныг томилон, хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх зорилгоор 2008 онд “Ялтныг нийгэмшүүлэх ажлын хөтөлбөр”, 2010 онд “Ялтны дунд явуулах сургалт, хүмүүжлийн ажлын заавар”, 2018 оноос “Нийгмийн ажлын аргачилсан заавар”-ыг батлан хэрэгжүүлж ирсэн. Гэсэн хэдий ч Хорих ял эдлүүлэх албаны 2023 оны жилийн эцсийн тоо мэдээнээс харахад дахин гэмт хэрэг үйлдсэн хоригдол нийт хорих ял эдлэгсдийн
55.2 хувь, үүнээс 2 удаа гэмт хэрэг үйлдсэн хоригдол 958 буюу
38.4 хувь, 3 удаа гэмт хэрэг үйлдсэн хоригдол 544 буюу
21.8 хувь, 4-10 удаа гэмт хэрэг үйлдсэн хоригдол 637 буюу дахин гэмт хэрэг үйлдсэн хоригдлын
25.5 хувийг эзэлж байгаа нь хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх шаардлага урган гарч байна. 2019-2023 оны статистик мэдээнээс харахад хорих ял эдлэгсдийн дунд дахин гэмт хэрэг үйлдсэн хоригдлын тоо буурахгүй байгаа нь хорих ял эдлүүлэх ажиллагаанд судалгаанд суурилсан нийгэмшүүлэх ажил хангалттай явагддаггүй, хоригдлыг нийгэмшүүлэх тогтолцоо бүрэлдэн тогтоогүй гэж үзлээ.
Өнөө үед хоригдлыг нийгэмшүүлэхэд өөр хоорондоо харилцан уялдаа бүхий эрх зүйн зохицуулалтыг бий болгох асуудал чухлаар тавигдах болжээ. Учир нь нэг талаас нийгмийн халамж, дэмжлэг хүргэх байгууллага, иргэн, нөгөө талаас үйлчилгээ авах шаардлагатай хоригдолд үзүүлэх төрийн үйлчилгээ, нийгмийн халамж, нийгэмшүүлэх ажилд оролцох олон нийтийн харилцааг зохицуулах шаардлага, эрэлт их байна. Тэгвэл хоригдлыг нийгэмшүүлэх ажлын хөтөлбөр, төлөвлөгөөг онолын үндэслэлгүй буюу оновчгүй төлөвлөх, хэрэгжиж буй журам, зааврын хэрэгжилтэд явцын үнэлгээ хийдэггүй, нийгэмшүүлэх ажлыг мэдээлэл дамжуулах, сургалт зохион байгуулах төдийгөөр хязгаарлах, хоригдлын нийгэмшлийн байдлыг хорих байгууллагын алба хаагч хувийн үнэлэмжээр дүгнэдэг зэргээс шалтгаалан хорих анги дахь нийгэмшүүлэх ажил, сэтгэл зүйн үйлчилгээ хангалттай үр дүнд хүрэхгүйгээр, олон нийтийн шүүмжлэлд өртөж байгаа нь энэхүү үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байна.
Хоригдлыг нийгэмшүүлэх ажлыг хэрэгжүүлэхдээ ял эдлэх хугацаа, зан үйл, хувийн онцлог, гэр бүлийн байдал, боловсрол, мэргэжил, үйлдсэн гэмт хэргийн байдал зэргийг харгалзан тэдний зан үйл, хандлагыг өөрчлөх, нийгэмших үйл явцад нь дэмжлэг үзүүлэхүйц онолын үндэслэл, загварт суурилсан хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнд суурилсан хэлбэрээр нийгэмшүүлэх ажлыг үнэлэх арга зүйг нэвтрүүлэх нь зүйтэй юм.
Өнөөгийн нөхцөлд хорих байгууллагын нийгэмшүүлэх ажлын эрх зүйн зохицуулалтын хэрэгжилт, үр нөлөөнд шинжилгээ хийн, улмаар боловсронгуй болгох дүгнэлт, санал боловсруулах хэрэгцээ, шаардлага нэгэнт үүссэн гэж үзэн, дараах үндэслэлээр сэдвийг судаллаа.
Нэг. Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагаанд холбогдох салбар дундын хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна. Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагаа нь дан ганц ШШГТХ-аар хязгаарлагдахгүй бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог тодорхойлох замаар эрх зүйн үндсийг тогтоох нь зүйтэй юм. Тухайлбал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, халамжийн болон залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг харилцааг зохицуулсан хуульд нийгэмд дасан зохицоход шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох гэх байдлаар ерөнхийлөн заасан нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон нийт, салбар бүрийн оролцоог тодорхойлох эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгааг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн.
Хоёр. Дахин гэмт хэрэг үйлдэн хорих ял эдэлж буй хоригдлын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөлийг судалснаар хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, хорих ял эдлэгсдийн сүүлийн 5 жилийн судалгаанаас үзэхэд дахин гэмт хэрэг үйлдсэн хоригдлын тоо буурахгүй байгаа нь нийгэмшүүлэх ажлын хэрэгжилт, үр нөлөөтэй холбон үзэж, судалгаа шинжилгээнд үндэслэн дүгнэлт хийх нь зүйтэй юм.
Дээрх нийгмийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан нийгэмшүүлэх ажлын онол, үзэл баримтлал, хорих ял эдлүүлэх ажиллагааны онцлогийг гадаадын зарим орны туршлагатай харьцуулан, хоригдлыг нийгэмшүүлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхтэй холбоотой дүгнэлт, санал боловсруулах зорилгоор энэхүү сэдвийг сонгон судаллаа.
Сэдвийг судалсан байдал. Хорих байгууллагад явуулах нийгэмшүүлэх ажил, тухайлан хоригдлыг хүмүүжүүлэх талаар Монгол Улсын эрдэмтэн, судлаачид эрүүгийн эрх зүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн чиглэлээр бичсэн өөрсдийн бүтээлд дурдсан байна. Тухайлбал, академич Ж.Амарсанаа, С.Нарангэрэл, доктор Д.Бадам нар хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх нэр томьёог, доктор Б.Дашзэвэг, Л.Чүлтэмсүрэн, А.Лхагва, Д.Даваа-Очир нар засан хүмүүжүүлэх, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа, хорих байгууллага дахь сургалт, хүмүүжлийн ажлыг зохион байгуулж ирсэн уламжлал, шинэчлэлийг судалсан бол доктор С.Жанцан гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд сургалт, хүмүүжлийн ажлын үр нөлөө, доктор Г.Гантөмөр эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх үр нөлөө, Р.Оюунбадам, Б.Алтангэрэл, Т.Амаржаргал, Б.Алтангэрэл нар нийгмийн ажлын онол, үзэл баримтлал, үйл ажиллагааны онцлог, Д.Булган, М.Алтан-Очир нар хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны гадаад орны туршлага, дэглэм, зэрэглэлийн онцлогийг харгалзан зохион байгуулах, боловсронгуй болгох чиглэлээр судалжээ.
Хууль зүйн доктор, профессор А.Лхагва “хорих ял эдлэгсдийн дунд зохиох хүмүүжлийн ажил, сургалт нь тэднийг үйлдсэн гэмт хэрэгт нь гэмшүүлэх, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ойлгуулах, хорих ялын зорилгыг хангахад чиглэгдэж ерөнхий зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нийтлэг, тодорхой, тусгай” гэж хуваан үзсэн.
Хууль зүйн доктор, профессор Б.Алтангэрэл “хоригдлыг нийгэмшүүлэх ажлыг хоригдлыг хорих ангид хүлээн авахаас эхлэн ял эдлэх бүхий л хугацааг хамарсан, суллахад бэлтгэх, суллагдсаны дараах үйл явцаар дуусгавар болдог сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх, анагаах, хууль зүй, нийгэм, эдийн засгийн зохион байгуулалттай нөлөөллийн цогц арга хэмжээ” гэж үзжээ.
Гадаадын зарим эрдэмтэн, судлаачдын туурвисан хоригдлыг нийгэмшүүлэх талаарх бүтээлд, 1980-аад он хүртэл хугацаанд дэлхийн зарим оронд хорих байгууллага нь хаалттай, тусгай бүс байсан бол дэлхий нийтэд бий болсон нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийн үеэс хойш хорих байгууллага нь эрх чөлөөгөө түр хасуулсан хүнийг нийгэмшүүлэх, нийгмийн амьдралд эргэн бэлтгэх, хувь хүнийх нь хувьд зан үйлийг өөрчлөх, хөгжүүлэхэд чиглэгдсэн байгууллага болон өөрчлөгдөх хандлагатай болсныг дурджээ. Тухайлбал, АНУ-ын хорих байгууллагын тогтолцоонд нийгмийн ажилтан нь олон нийтэд эрх зүйн асуудлаар нээлттэй мэдээлэл хүргэн, хоригдлын талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг эергээр өөрчлөх, нөлөөллийн ажлыг хийх, хоригдолтой хувь хүнийх нь хувьд албаны эерэг харилцаа үүсгэж ажиллахын зэрэгцээ, гэмт хэргийн хохирогчтой тодорхой хөтөлбөрийн хүрээнд ажиллах үүрэгтэй, хорих байгууллагад ажиллах нийгмийн ажилтны үүргийг тодорхой заах, нийгэмшүүлэх ажлын чиглэлээрх судалгаанд суурилан хорих ангийг төрөлжүүлэн зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд орон нутгийн засаг захиргаанд давхар харьяалагддаг болгох зэрэг тогтолцооны өөрчлөлт хийж ирсэн нь хоригдлыг нийгэмшүүлэх ажлыг хөгжүүлэхэд нөлөөлсөн гэж дурдсан байна.
Хоригдлыг нийгэмшүүлэх ажлын өөрчлөлт, шинэчлэлтийг онол, эрх зүйн хүрээнд судалсан эрдэмтэн, судлаачдаас дурдвал Роберт Л. Барке, Ж.Янка, М.В.Фирсов, Мурел Памфрей, Е.Г.Студенова, С.А.Лузгин, М.И..Кузнецов, И.М.Невлева, Л.В.Соловьева нарын эрдэмтэд нийгэмшүүлэх ажлын үнэт зүйлсийг ихэд чухалчилж үзжээ. Тухайлбал, В.Н. Кудрявцев нь “нийгмийн гадаад хүчин зүйл буюу эдийн засгийн бэрхшээл, тэгш бус байдал, эрх зүйн мэдлэг дутмаг, хавчигдаж гадуурхагдах, хүний харилцаан дахь үнэт зүйл алдагдах, хүнлэг бус байдал зэрэг нь зарим хүнд зожгирох, нийгмээс зугтах, харгис догшин болох, гэмт хэрэг үйлдэх суурь нөхцөл бүрддэг”, Р. Баркер “хувь хүн, хэсэг бүлэг, олон нийтийн санаа бодлоор илэрхийлэгдэн гарч, хүлээн зөвшөөрөгдсөн зарим зан үйлдэл, хэм хэмжээ, хэвшиж тогтсон ойлголтыг үнэт зүйл гэх бөгөөд хоригдлыг нийгэмшүүлэх асуудал нь энэхүү үнэт зүйлсийг эргүүлэн авч ирэхэд зориулагдах ёстой”, И.М. Невлева, Л.В. Соловьева нар “социологи, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх, хууль зүйн шинжлэх ухаан бол нийгмийн ажилд хамгийн ихээр нөлөөлдөг шинжлэх ухаан юм. Тиймээс хоригдлыг нийгэмшүүлэх онолын сэтгэлгээнд сэтгэл зүйд баримжаалсан, социологид баримжаалсан, цогц шинжид баримжаалсан гэсэн гурван хандлагыг тодорхойлж болно”, Мурел Памфрей “хувь хүний зөв хандлага нь цаашлаад нийгмийн бүлгийн үнэт зүйлсийг бий болгодог эрхэм дээд үйлийн цогц, нийгмийн үнэт зүйлс нь амьдралын нөхцөл байдал, зорилгыг агуулдаг мэдрэмжийн тодорхой өөрчлөлттэй холбоотой тул хоригдолд нийгмийн үнэт зүйлийг төлөвшүүлэх нь зүйтэй” гэж тодорхойлжээ.
Харин Монгол Улсын хорих байгууллагад явуулж буй нийгэмшүүлэх ажлыг онол, арга зүйн болон эрх зүйн зохицуулалтын хүрээнд судлан, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, тулгамдсан асуудлыг тодорхойлон, дүгнэлт боловсруулсан судалгааны бүтээл хараахан үгүй байна.
Судалгааны зорилго. Хоригдлыг нийгэмшүүлэх ажлын онол, үзэл баримтлал, уламжлал, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг нээн илрүүлж, нийгэмшүүлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, тогтолцоог боловсронгуй болгоход чиглэгдсэн үндэслэл бүхий дүгнэлт, санал дэвшүүлэхэд оршино.
Судалгааны зорилт. Бид судалгааны зорилгоо хангах хүрээнд дараах зорилтыг дэвшүүллээ.
1. Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны онол, үзэл баримтлал, мөн чанар, чиг хандлагыг судлан шинжлэх;
2. Монгол Улсын хоригдлыг нийгэмшүүлэх ажиллагаанд холбоотой эрх зүйн зохицуулалтад түүхчилсэн судалгаа хийх;
3. Хоригдлыг нийгэмшүүлэхтэй холбоотой олон улсын баримт бичиг, үндэсний хууль тогтоомжид шинжилгээ хийх;
4. Гадаадын зарим улсад хоригдлыг нийгэмшүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын онцлогийг харьцуулан судлах;
5. Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийн, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох;
6. Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох, арга замыг эрэлхийлэх зэрэг болно.
Судалгааны объект. Хоригдлыг нийгэмшүүлэхтэй холбоотой үүсэж буй нийгмийн харилцаа нь энэхүү судалгааны ажлын объект болно.
Судалгааны арга зүй. Энэхүү судалгааны ажилд нийгмийн шинжлэх ухааны нийтлэг судалгааны аргыг өргөнөөр ашиглалаа. Үүнд:
1. Монголын болон гадаадын зарим орны эрдэмтэн, судлаачдын туурвисан хоригдлыг нийгэмшүүлэх ажлын онол, үзэл баримтлал, чиг хандлага, арга зүйн бүтээл (нэг сэдэвт бүтээл, эрдмийн зэрэг горилсон ажил, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл)-ийг эх зохиол судлах аргыг;
2. Хоригдлыг нийгэмшүүлэх, түүнтэй төстэй ажлыг гүйцэтгэж ирсэн уламжлалд холбоотой архивын материалд түүхчлэх аргыг;
3. Хоригдлыг нийгэмшүүлэхтэй холбоотой олон улсын баримт бичиг болон дотоод, гадаадын хууль, журам, эрх зүйн бусад эх сурвалж, сургалтын болон нийгэмшүүлэх хөтөлбөрийг нэвтрүүлсэн туршлагыг харьцуулах аргыг;
4. Хорих ангиудын нийгэмшүүлэх ажлын тайлан, хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагаанд чиглэгдсэн судалгааны тайлан, статистик мэдээ, тоо баримтад дүн шинжилгээ хийх аргыг ашигласан.
Хоригдлыг нийгэмшүүлэх ажлын чанар, хүртээмж, хэрэгжилтийг тодорхойлох зорилгоор ярилцлага, ажиглалт болон асуулга боловсруулан анкетын судалгааны аргыг ашигласан ба энэ хүрээнд хорих байгууллагын 50 нийгмийн ажилтан, дахин гэмт хэрэг үйлдэн хорих ял эдэлж буй 1416 хоригдол, хорих ял эдлээд суллагдсан 325 иргэнээс асуулгаар, аймаг, сум, дүүргийн 39 нийгмийн ажилтан, халамжийн ажилтнаас ярилцлагын аргаар хорих ангид явагдаж буй нийгэмшүүлэх үйлчилгээний хүртээмж, үр дүн, хэрэгцээнд тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх зорилго бүхий судалгаа авч үр дүнг ашигласан болно. Судалгааны статистик боловсруулалтыг SPSS
26.0 программыг ашиглан хийж, судалгааны үр дүнг тооцохдоо дундаж, медиан, стандарт хазайлт, хамгийн их болон хамгийн бага утга, судалгааны асуулгын найдварт чанар, хамаарлын статистик шинжилгээ хийсэн.
Түүнчлэн хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны тусгайлсан эрх зүйн зохицуулалттай гадаадын 7 улсын хууль, хоригдлыг нийгэмшүүлэх хөтөлбөр нэвтрүүлсэн 5 улсыг харьцуулан судалсан.
Судалгааны шинэлэг тал. Энэхүү судалгааны ажлын шинэлэг талыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Хоригдлыг нийгэмшүүлэх ажлын онолын үзэл баримтлалыг нийгмийн ажлын ерөнхий онолд тулгуурлан нийгмийн шинжлэх ухааны бусад салбар болох хууль зүй, сэтгэл судлал, социологи, сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс судалсан.
2. Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааг НҮБ-аас батлан гаргасан хоригдлын эрхийг хангах, нийгэмшүүлэхтэй холбоотой дүрэм, олон улсын конвенц, бүс нутгийн хэмжээнд мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгийн хүрээнд судлан, өөрийн орны хууль тогтоомжид хэрхэн тусгагдсан талаар харьцуулан судалсан.
3. Гадаадын зарим орны хорих байгууллагад явуулж буй нийгэмшүүлэх ажлын эрх зүйн зохицуулалт, онцлог, туршлагыг өөрийн орны ял эдлүүлэх ажиллагаатай харьцуулан, нэвтрүүлэх боломжийн талаар судалсан.
4. Хорих ял эдлүүлэх ажиллагааны явцад хэрэгжиж буй нийгэмшүүлэх ажлын хэрэгжилт, үр дүнд шинжилгээ хийн, сайжруулах арга замын талаар судалгаанд суурилсан дүгнэлт, санал боловсруулсан.
5. Хоригдлыг нийгэмшүүлэх хөтөлбөрийн загвар, нийгэмшиж буй байдлыг үнэлэх үнэлгээг судалгааны ажилд тулгуурлан боловсруулсан зэрэг болно.
Хамгаалахаар дэвшүүлж буй зүйл. Бид нийгэмшүүлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд шинжилгээ хийсэн судалгааны дүнд тулгуурлан хорих ял эдлүүлэх ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хоригдлыг нийгэмшүүлэх ажил гэж тодорхойлон, дараах асуудлыг хамгаалалтад оруулахаар дэвшүүлж байна. Үүнд:
Нэг. Хоригдлыг нийгэмшүүлэх онол, арга зүйн хүрээнд:
1. “Хорих ял эдлүүлэх ажиллагааны үндсэн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ял эдлэх хугацаанд нь нийгэмшүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх зан үйл, хандлагатай бие хүн болгон төлөвшүүлэх явдал юм” гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн тодорхойлолт;
2. “Хоригдлыг нийгэмшүүлэх гэдэг нь ёс суртахуун, эрх зүйн хэм хэмжээг даган мөрддөг нийгмийн идэвхтэй гишүүн болгоход чиглэгдсэн хоригдлыг хүлээн авахаас суллагдах хүртэлх бүхий л хугацааг хамарсан боловсрол, хөдөлмөр, нийгмийн халамж, сэтгэл зүй, эмнэлэг, эрх зүйн үйлчилгээгээр дамжуулан үзүүлж буй нөлөөллийн арга хэмжээ юм” гэж хорих байгууллагын нийгэмшүүлэх ажлыг тодорхойлж, шинжлэх ухааны эргэлтэд оруулах.
Хоёр. Хоригдлыг нийгэмшүүлэх тогтолцоо, эрх зүйн хүрээнд:
3. Хоригдлыг нийгэмшүүлэх хөтөлбөр, үр дүнг тодорхой аргачлалын дагуу үнэлэх үндэслэл бүхий санал;
4. Аж ахуйн нэгж, ажил олгогч, төр, төрийн бус байгууллага, иргэдийг хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагаанд хамтран оролцох эрх зүйн зохицуулалтын санал;
5. Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны үр дүнг хэмжих үнэлгээний загвар, аргачлалыг хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийн үзэл баримтлалд нийцүүлэн шинээр ирсэн хоригдлын урьдчилсан үнэлгээ, ял эдлэх үеийн, суллахад бэлтгэх, хөтөлбөрт дахин хамруулах гэсэн үе шатад тулгуурласан загвар зэрэг болно.
Судалгааны онолын ач холбогдол. Хорих байгууллагад хэрэгжүүлэх нийгэмшүүлэх ажлын онол, үйл ажиллагааны хэлбэр, зохион байгуулалт, хөтөлбөрийг санал болгосон нь судалгааны ажлын онолын ач холбогдлыг тодорхойлж байна.
Судалгааны практик (хэрэглээний) ач холбогдол. Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны тогтолцоо, хөтөлбөрийг бий болгохтой холбоотой гаргасан дүгнэлт, санал нь нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлэх байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хоригдлын нийгэмшлийн түвшнийг үнэлэх аргачлалыг дэвшүүлснээр судалгааны хэрэглээний ач холбогдлыг илэрхийлж байна.
Судалгааны хамрах хүрээ, хязгаарлалт. Энэ судалгааны ажлын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх олон талт үйл ажиллагаанаас зөвхөн хорих байгууллагад явуулж буй хоригдлыг нийгэмшүүлэхтэй холбоотой асуудлыг судалсан.
Судалгааны эх сурвалж. Диссертацын судалгааны ажлын зорилгыг ханган биелүүлэхийн тулд дараах эх сурвалжийг ашигласан. Үүнд.
- түүхэн эх сурвалжийг шинжлэн судлах судалгааны хүрээнд ШШГЕГ-ын Тусгай архивын сангаас хорих ял эдлүүлэх ажиллагааг 1931-2017 оны хооронд зохицуулсан 8 удаагийн хууль, дагалдан гарсан журам, заавар, дүрэм, Засан хүмүүжүүлэх болон Шүүхийн шийдвэр биелүүлэх, гүйцэтгэх байгууллагын тайлан, удирдах газрын даргын тушаал, хэрэгжилт, бусад материал;
- хууль тогтоомжийн эх сурвалжийн хүрээнд олон улсын гэрээ, конвенц 17, Монгол Улсын хууль 13, УИХ, Засгийн газрын тогтоол, бодлогын баримт бичиг 4, байгууллагын журам, заавар, хөтөлбөр 8;
- хорих ялын хэрэгжилт, нийгэмшүүлэх үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх хүрээнд Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Цагдаагийн байгууллагын 2017-2023 оны хооронд гаргасан статистик мэдээ, судалгааны материал;
- эрдэмтэн судлаачдын ном, сурах бичиг, гарын авлага 76, нэг сэдэвт бүтээл 15, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл 26, цахим эх сурвалж 13-ыг ашигласан.
Судалгааны үр дүнг туршиж үзсэн байдал. Эрдэм шинжилгээний удирдагч болон ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн судлаач, багш, хорих байгууллагын нийгмийн ажилтан нартай хамтран 2021 онд “Хорих ял эдлэх үеийн сургалтын хөтөлбөр”, 2022 онд “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр” -ийг боловсруулсан ба өнөөдөр хорих байгууллагад хэрэгжүүлж байна.
Судалгааны ажлын бүтэц. Энэхүү судалгааны ажил нь удиртгал, үндсэн 3 бүлэг, 9 дэд бүлэг, ерөнхий дүгнэлт, санал, эх сурвалжийн жагсаалт, хавсралтаас бүрдэнэ.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ТОВЧ АГУУЛГА
“Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны онолын үндэс” сэдэвт нэгдүгээр бүлэг нь “Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны мөн чанар, онцлог”, “Монгол Улсад хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохицуулж ирсэн эрх зүйн зохицуулалтын уламжлал” гэсэн гурван дэд бүлгээс бүрдэнэ.
1.1 дүгээр дэд бүлгийн хүрээнд хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны онол, үзэл баримтлал, чиг хандлагыг судлан үзвэл нийгмийн бүлэг, хувь хүний хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээг үзүүлэхдээ бусад шинжлэх ухаан, тухайлбал, хууль зүй, социологи, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, нийгмийн халамж, эрүүл мэндийн зэрэг олон салбартай нягт уялдан хөгжиж иржээ. Цаашид нийгмийн ажлын ерөнхий шинжлэх ухааны онол, үзэл баримтлал дээр тулгуурлан, эрүүгийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй, криминологи, социологийн онол, арга зүйг өргөнөөр ашиглан хөгжүүлэх нь зүйтэй байна. Учир нь нийгэмшүүлэх ажил нь нийгмийн олон талт харилцаанд оролцож буй хүний бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдгийн хувьд олон салбар шинжлэх ухааны бүрдэл гэж үзэж болно.
1.2 дугаар дэд бүлгийн хүрээнд хоригдлыг нийгэмшүүлэх ажлын төрөл, хэлбэр зохион байгуулалт, онцлог, хорих ял эдлүүлэх ажиллагааны зорилго зэргээс үзвэл ерөнхий нийгмийн ажлаас хоригдлыг нийгэмшүүлэх ажлын ялгагдах онцлог нь үйлчилгээ авч буй хүн нь гэмт зан үйл давамгайлсан, гэр бүл, нийгмийн хүрээнд гадуурхагдсан, хувь хүний болон нийгмийн бэрхшээлийг даван туулах чадвар сул, гэмт хэрэг үйлдсэний улмаас шүүхээс харилцан адилгүй хорих ялын хугацаанд тодорхой эрх нь хязгаарлагдсан байдгаараа онцлогтой.
1.3 дугаар дэд бүлгийн хүрээнд хорих ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн уламжлал, шинэчлэлийг судлан үзэхэд хоригдлыг нийгэмшүүлэх ажлын төсөөтэй үйл ажиллагаа, тухайлбал, хорих ял эдлүүлэх ажиллагааг зохицуулахаар батлагдан гарсан 8 удаагийн хууль, түүнийг дагалдан гарсан эрх зүйн актад тусгагдсан гэгээрүүлэх, соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх, сургалт, хүмүүжлийн ажил, гэр бүлтэй нь уулзуулах, эргэн нэгтгэх, хоол хүнс, ахуй хангалт зэрэг материаллаг тусламж үзүүлэх зэргээс шалтгаалан үйл ажиллагааны чиглэл өргөжин тэлж байсан төдийгүй өнөөгийн нийгэмшүүлэх ажилд эргэн нэвтрүүлэх туршлага их байна.
“Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны эрх зүйн үндэс” сэдэвт хоёрдугаар бүлэг нь “Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагаанд холбогдох олон улсын баримт бичигт хийсэн шинжилгээ”, “Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагаанд холбогдох дотоодын хууль тогтоомжид хийсэн шинжилгээ”, “Гадаадын зарим улсад хоригдлыг нийгэмшүүлж буй эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа” гэсэн гурван дэд бүлгээс бүрдэнэ.
2.1 дүгээр дэд бүлгийн хүрээнд олон улсын эрх зүйн баримт бичгийн агуулгыг ерөнхийлөн дүгнэн үзвэл хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны шаардлагыг дурдсанаас гадна хүний эрхэд суурилсан нийгэмшүүлэх үйл ажиллагааг хөгжүүлэх зайлшгүй шаардлагыг тусгасан онцлогтой байна.
2.2 дугаар дэд бүлгийн хүрээнд хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагаанд холбогдох үндэсний хууль тогтоомжид шинжилгээ хийхэд Эрүүгийн хуульд ялын зорилгын нэг төрлийг нийгэмшүүлэх гэж заасантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиас гадна бусад 4 хуульд хоригдлыг нийгэмшүүлэх болон хорих байгууллагаас суллагдсан хүнд тавих хяналт, халамжийн үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрлүүлэх, хөгжүүлэх, бусад чиглэлээр нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлэхээр тусгалаа олсон боловч эрх зүйн зохицуулалтын хоорондын уялдаа, практик хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүрч, хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохицуулж буй журам, заавар нь олон улсын чиг хандлага, өнөөгийн шаардлагыг хангахгүй байгаад анхааран, хоригдлыг нийгэмшүүлэх ажлын үе шат бүрд хийгдэх ажил, тухайлан нийгэмшүүлэх хөтөлбөр, хамтын ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгах хэрэгцээ байна.
2.3 дугаар дэд бүлгийн хүрээнд гадаадын зарим улсад хоригдлыг нийгэмшүүлж буй эрх зүйн зохицуулалтын онцлогийг харьцуулан судалбал тухайлбал, ХБНГУ, АНУ, БНПУ, Швейцар, Япон, Франц, ОХУ-д хоригдлыг нийгэмшүүлэх асуудал нь хөтөлбөрөөр дамжин хэрэгждэг төдийгүй хөтөлбөрийн хэрэгжилтэд төр, төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн хамтарсан багаар дамжуулан нийгэмшүүлдэг нийтлэг зохицуулалтыг Монгол Улс нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн.
“Хорих байгууллагад явуулж буй нийгэмшүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох арга зам” сэдэвт гуравдугаар бүлэг нь “Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ, тулгамдаж буй асуудал”, “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд нийгэмшүүлэх хөтөлбөр нэвтрүүлэх арга зам”, “Хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох боломж, шийдэл” гэсэн гурван дэд бүлгээс бүрдэнэ.
3.1 дүгээр дэд бүлгийн хүрээнд хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны өнөөгийн байдалд шинжилгээ хийснээс хорих ял эдлүүлэх ажиллагааны практикт нийгэмшүүлэх ажил нь сургалтын гэсэн үндсэн хэлбэртэйгээр явагдаж байгаад анхаарч, нийгмийн ажлын үйлчилгээний олон хэлбэрийг ашиглах нь зүйтэй гэж үзсэн. Хоригдлыг нийгэмшүүлэх ажилд тулгамдаж буй асуудлыг эрх зүй, зохион байгуулалт, хүний нөөц, хамтын ажиллагааны гэсэн бүлэгт хуваан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх нь зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дангаар хийх ажил бус салбар дундын олон нийтийн оролцоонд тулгуурласан төрийн бодлого, эрх зүйн зохицуулалтаар баталгаажсан байх нь чухал байна.
3.2 дугаар дэд бүлгийн хүрээнд олон улсад хоригдлыг нийгэмшүүлэх үндсэн арга зүй нь тухайн хүний хувийн онцлог, хэрэгцээнд тулгуурласан нийгэмшүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж буйд анхаарч, өөрийн орны нөхцөлд тохирсон нийгэмшүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нь чухал байна.
Хоригдлыг нийгэмшүүлж буй олон улсад салбар бүрийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сэтгэл засалч, боловсролын салбарын мэргэжилтний оролцоотойгоор боловсруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлдэг жишиг нэгэнт тогтжээ. Хөтөлбөр хэрэгжүүлж буй улсын тухайд дахин гэмт хэрэг үйлдсэн хоригдлын тоог бодитоор бууруулсан зэргээр үр дүнг хэмждэг байна.
3.3 дугаар дэд бүлгийн хүрээнд хоригдлыг нийгэмшүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд эрх зүйн зохицуулалт, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх хөтөлбөр, үр дүнгийн үнэлгээ хийх, хоригдолд боловсрол олгох, эрүүл мэндийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэгдэх нь зүйтэй байна.
Нийгмийн аюулгүй байдлыг хангах, хүний амьдрах аюулгүй орчныг бий болгоход гэмт хэрэг, зөрчлөөс ангид нийгмийн орчныг бий болгох шаардлага урган гарч байна. Энэ хүрээнд гэмт хэрэг үйлдэн хорих ял эдэлж буй хоригдлыг нийгэмшүүлж дахин гэмт хэргийг бууруулах зорилт, арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, салбар хоорондын болон бүс, орон нутгийн онцлогт нийцсэн, нөөцөд суурилсан, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтийг тусгасан хөгжлийн зорилтод хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатай гэж үзлээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 11
Ишлэгдсэн тоо : 0