Монгол Улс ардчилсан, чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноор нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчин бүхэлдээ өөрчлөгдөн шинэ Үндсэн хууль батлагдаж засаглалын эрхийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн салаа мөчирт хуваарилснаар иргэд эрх, эрх чөлөөгөө айдасгүй, хамгаалалттайгаар эдлэх эрх зүйн үндэслэл бүрдсэн юм.
Шүүх эрх мэдэл нь бие даасан цогц шинж бүхий тогтолцоо болохын хувьд бусад эрх мэдлээс хараат бус байна. Шүүхийн хараат бус байдал хангагдсан үед хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлж, шүүх хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангагдсанаар илэрнэ. Бие даасан, хараат бус байдал гэдэг нь шүүх байгууллага, хувь шүүгчийн аль алинд нь хамааралтай ойлголт юм. Иргэдийн эрх, эрх чөлөөг аливаа халдлагаас хамгаалахын тулд шударга, хараат бус, олон нийтийн итгэлийг хүлээсэн шүүх эрх мэдлийн оролцоо нэн чухал бөгөөд шүүх эрх мэдэл нь шүүхэд итгэх олон нийтийн итгэл дээр оршин тогтнодог. Нийгмийн шударга ёсны баталгаа нь шүүх гэж үзээд нийгмийн гишүүд түүнд итгэж амьдрах ёстой юм бол шүүхийн шийдвэр заавал биелэгддэг байх ёстой.
Монгол Улсад шүүх эрх мэдлийг Үндсэн хуулийн дагуу байгуулсан шүүх хэрэгжүүлэх бөгөөд зохион байгуулалтын хувьд бие даасан хараат бус байна. Шүүх нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэг хүлээдэг, өдөр тутам хууль хэрэглэж, хэрэг маргааныг шийдвэрлэдэг онцгой эрхтэй субъект юм. Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана.
Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх чиг үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хэрэгжүүлэн ажиллана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр авагчийн зөрчигдсөн эрхийг сэргээх шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын хүрээнд явагдана.
Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын илэрхийлэл нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль -ийн 23 дугаар зүйлд “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, “Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж зааснаас харагдана. Түүнчлэн Эрүүгийн хууль, Иргэний хууль , Зөрчлийн тухай хууль , Төрийн албаны тухай хууль -д хууль зүйн хариуцлага хүлээлгэх санкцыг тусгайлан хуульчилснаар илэрнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх баримт бичгийн төрлөөс шалтгаалан үүссэн өөрийн чиг үүргийг биелүүлэх зорилгоор, эрх зүйн зохицуулалт болон арга тактикийг ашиглан хэрэгжүүлж байгаа процессын шинжтэй үйл ажиллагааг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэх бөгөөд шүүхээс гаргасан шийдвэрийн төрлөөр нь иргэний хэргийн, захиргааны хэргийн, зөрчлийн хэргийн, эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж ангилдаг.
Өнөөдөр зах зээлийн эдийн засгийн харилцаа хөгжиж банк, санхүүгийн байгууллагаас зээлдэгчид олширч, иргэд, хуулийн этгээд хоорондын өр, авлага ихсэж байна. 2023 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд
22.1 мянган төлбөр төлөгчид холбогдох
2.4 их наяд төгрөгийн төлбөрийн үлдэгдэл үүсэн, энэ хэмжээгээр иргэн, хуулийн этгээд, улсад учирч буй хор хохирол нэмэгдэх боллоо.
Улсын хэмжээнд 2023 онд шийдвэр гүйцэтгэлийн бодит биелэлт иргэний хэргийн шүүхийн шийдвэр биелүүлээгүй
41.8 хувь, захиргааны хэргийн
52.2 хувь, эрүүгийн хэргийн
6.1 хувь, зөрчлийн хэргийн шийдвэрийн
7.1 хувь нь биелэгдээгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас сүүлийн 4 жилийн байдлаар шүүхийн шийдвэр биелүүлээгүй 253 төлбөр төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Цагдаагийн байгууллагад хандсан боловч 242 тохиолдлыг буюу
95.6 хувийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан 1 төлбөр төлөгчид шүүхээс торгох ял оногдуулж, эрүүгийн хэрэг үүсгэх шатанд 10 төлбөр төлөгч төлбөрөө бүрэн барагдуулжээ. Түүнчлэн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээ болон зөрчлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх, ял завшуулахгүй байх шаардлага тулгарч байна. Сүүлийн 5 жилд торгох ял эдлэхээс 567, нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхээс 1335, зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн 974 ялтны эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялаар сольжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сүүлийн 5 жилийн дунджаар 50 гаруй хувийн биелэлттэй байгаа нь шийдвэр гүйцэтгэгч нарын эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвараас гадна шүүхийн шийдвэр биелүүлэх үүрэг хүлээсэн этгээдийн ухамсар, үүргээ биелүүлэх чадвар, хандлага байхгүйгээс шалтгаалан төр, нийгэм, иргэдэд ихээхэн хохирол учирдаг.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээд, буруутай албан тушаалтан, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд, захиргааны шийтгэл хүлээсэн этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх, эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийн эрх, ялангуяа хохирол хүлээсэн төлбөр авагчийн төлбөрийг бүрэн барагдуулахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны практикт гарч байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг хууль зүйн шинжлэх ухааны түвшинд судлах шаардлагатай байна.
Үүний нэг нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлагын үр нөлөөг дээшлүүлэх, практикт гарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох явдал юм.
Ийм учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг онолын болон практикийн түвшинд судалж дүн шинжилгээ хийх зайлшгүй шаардлага байгааг харгалзан энэхүү сэдвийг сонгон судлах үндэслэл болсон.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 10
Ишлэгдсэн тоо : 0