Озон (O3) хий зөвхөн агаар мандлын химид чухал үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ орчих мандлын дээд болон дунд хэсэгт хүлэмжийн үзэгдэлд оролцож дэлхийн дулааралд томоохон нөлөө үзүүлдэг. Тухайлбал озон гидроксил радикалуудыг үүсгэх химийн урвалын чухал элемент бөгөөд үүний дүнд орчих мандалд үүссэн бохирдуулагч хийнүүдийг агаар мандлаас зайлуулах боломжийг бий болгодог. Ерөнхийдөө орчих мандалд озон ялгаруулдаг эх үүсвэр огт байхгүй боловч газрын гадарга орчимд бохирдуулагч хийнүүд фотохимийн урвалд орсны улмаас үүссэн озон хүний эрүүл мэнд ялангуяа дархлааг сулруулах, амьсгалын системийн өвчлөлийг хүндрүүлэх, цаашлаад хот суурин болон түүнээс алслагдсан газруудад ч ургамал болон ойн экосистемийн бүтээмжийг бууруулж навчийг гэмтээх, өсөлтийг сааруулах зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг. Тиймээс озоны орон зай, цаг хугацааны тархалт, хуваарилалтыг судлах нь түүний агууламжид үзүүлэх хүний үйл ажиллагаа болон агаар мандлын динамик хүчин зүйлсийн хам нөлөөг илрүүлэх онол, практикийн чухал ач холбогдолтой судалгааны чиглэл юм. Тиймээс энэхүү судалгаанд газрын гадарга орчмын агаарын чанар болон цаг уурын хэмжилтээс гадна, агаар мандлын босоо орон зайн хэмжилтийн мэдээгээр хангадаг агаар мандлын загварчлал, хиймэл дагуул, нисэх онгоц, радиозонд болон озонозондын 1994-2020 оны өгөгдлөөр орчих мандлын озоны босоо тархалтын улирлын горимд нөлөөлж буй агаар мандлын хүчин зүйлсийг Уланбаатар болон Азийн зарим хотуудаар харьцуулан судалсан юм. Орчих мандлын озоны агууламжийн босоо орон зайн хуваарилалт болон цаг хугацааны горимд нөлөөлөх агаар мандлын хүчин зүйлсийг Улаанбаатар болон Азийн зарим хотуудаар харьцуулан судлах нь энэхүү судалгааны үндсэн зорилго юм. Зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллалаа. Үүнд: (1) Судалгааны хотуудын уур амьсгалын нөхцөлийг харьцуулан судлах; (2) Судалгааны хотуудын орчих мандал дахь термодинамикийн зарим үзүүлэлтүүдийн босоо тархалтын улирлын горимыг гаргаж харьцуулах; (3) Хотуудын орчих мандлын озоны агууламжийн босоо тархалтыг гаргаж харьцуулах, Улаанбаатар хотын газрын гадарга орчмын озоны улирлын хуваарилалтыг судлах; (4) Орчих мандлын дээд, дунд, доод үе давхаргууд дахь озоны тархалтад нөлөөлж буй агаар мандлын хүчин зүйлсийг судлах явдал юм. Орчих мандлын процессууд уртрагийн дагуу тод илэрдэг тул орчих мандлын озоны босоо тархалтын өргөргийн ялгааг судлах зорилгоор ялгаатай өргөрөгт байрлах газарзүйн байрлал болоод нийгэм, эдийн засгийн байдал эрс ялгаатай Дели, Сөүл, Саппоро, Улаанбаатар зэрэг Азийн 4 хотыг судалгааны цэгүүдээр сонгон авсан. Судалгааны дүнд өргөргийн ялгаа нь хотуудын агаар мандлын термодинамик хүчин зүйлсийг нөхцөлдүүлж орчих мандлын аль ч түвшний озоны улирлын горимыг бий болгож байна гэж дүгнэлээ. Дээд орчих мандлын озоны улирлын хуваарилалт нь потенциал хуйлрал, босоо хурдаар илэрхийлэгдэх давхраат мандлаас орчих мандал руу нэвтрэх агаарын уруудах урсгал (r=
0.95, p<
0.05) болон тропопаузын түвшний (r=-
0.88, p<
0.05) улирлын хэлбэлзэлтэй холбоотой болох нь хотуудын судалгаагаар тогтоогдлоо. Дунд орчих мандлын озоны улирлын горим агаар мандлын тэг изотермийн (3-5 км) түвшний хэлбэлзэл буюу уг давхаргын фотохимийн процессын дулаан, цацрагийн нөхцөлөөс шууд хамаарч (r=
0.59-
0.80, p<
0.05) байгаа нь хотуудын судалгаагаар илэрлээ. Доод орчих мандлын озоны улирлын хуваарилалт нь агаарын холигдлын давхаргын зузаан болон агаар солилцооны коэффициентоор (r2=
0.66 ба r2=
0.58, p<
0.01) илэрхийлэгдэх хязгаарын үе давхаргын физик болон доод орчих мандлын фотохимийн процессын дүнд бүрэлдэн тогтдог болохыг хотуудын ялангуяа Улаанбаатар хотын хувьд гүйцэтгэсэн нарийвчилсан судалгаагаар үзүүллээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0