Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нийгмийн аюулгүй байдлыг хангахад сэтгүүл зүйн бодлогын нөлөө



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4813
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : сошиал медиа, нийгмийн сүлжээ, цахим хэрэглэгч, мэдээллийн боловсрол, мэдээллийн аюулгүй байдал

Аннотаци

Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарыг төрөөс нэгдсэн бодлогоор зохицуулдаг тогтолцоотой байсан социализмын үед нийгмийн аюулгүй байдлыг хангахад сэтгүүл зүйн бодлогын нөлөөг тусгайлан судлах хэрэгцээ байсангүй. Харин Монголд чөлөөт хэвлэлийн тогтолцоо бүрэлдэн бий болсон сүүлийн гуч гаруй жилд тус салбарын нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөний улмаас энэ чиглэлээр дагнасан судалгаа хийх хэрэгцээ шаардлага үүссэн ч харамсалтай нь ийм судалгаа өнөөдрийг хүртэл хийгдээгүй байв.
Нийгмийн ухамсар, сэтгэл зүйг төлөвшүүлэх гол хүчин зүйлийн нэг болох сэтгүүл зүйн нийгэм, олон түмэнд үзүүлдэг шууд болон дам нөлөө, үр дагавар нь төсөөлж болохоос болшгүй хүртэл их учраас нийгмийн аюулгүй байдлыг хангахад үзүүлэх тус салбарын нөлөөг нарийвчлан судлах нь энэ сэдвийг сонгон судлах үндэслэл болж байна. Тиймээс Нийгмийн аюулгүй байдал, сэтгүүл зүйн бодлогын хамаарал болон зарим улс орны сэтгүүл зүйн бодлого, үйл ажиллагааны туршлагын судалгаан дээр тулгуурлан нийгмийн аюулгүй байдалд сэтгүүл зүйн бодлогын үзүүлж буй нөлөөний өнөөгийн байдалд шинжилгээ хийж, сөрөг нөлөөг бууруулах арга замыг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийсэн болно.
Тухайн сэдвийг анх удаа докторын ажлын түвшинд судлан шинжилж, сөрөг нөлөөг бууруулах арга замыг боловсруулсан бөгөөд 1990-ээд оноос хойш хэрэгжүүлж буй хэвлэлийн либертари онол Монголын нөхцөлд тохиромжгүй, үр өгөөжгүй, сөрөг нөлөө ихтэй болохыг нотлов. Монголын сэтгүүл зүй салбарын нэгдсэн бодлогогүй, эмх замбараагүй, абсолют эрх чөлөөтэй, хариуцлагагүй явж ирсэн нь манай сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт баримталж байгаа энэхүү суурь онолтой холбоотой байна. 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үеэр “Чөлөөт хэвлэлийн онол” нэрийн дор Монголд ямар нэгэн шалгуургүйгээр нутагшуулсан энэ онол нь хэвлэн нийтлэгч, эздийг нийгмийн хариуцлагаас ангид байх нөхцөлийг бүрдүүлж, хэвлэл мэдээллийн эзэд өөрсдийн үзэмжээрээ улс төрд нөлөөлж, нийгмийн оюун санааг өөрсдийн ашиг сонирхол руу хөтлөх боломжийг бүрдүүлсэн байна. Монголын сэтгүүл зүйн салбар дахь либертари эрх чөлөө нь 2000-аад оноос эхлэн мэдээллийн харилцааны технологийн дэвшилтэй хоршсоноор худал мэдээлэл түгээх, нийгмийн оюун санаанд сөргөөр нөлөөлөх нь илүү хүчтэй болж, улмаар үндэсний аюулгүй байдалд харшлах хэмжээнд хүрээд байгаа нь бидний судалгаагаар нотлогдож байна. Иймд тус онолыг Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт ашиглах асуудлыг зогсоож, оронд нь хэвлэл мэдээллийн норматив онолуудаас харьцангуй үр дүнтэй нь олон орны туршлагаар батлагдсан Хэвлэлийн нийгмийн хариуцлагын онолыг сонгож хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Чингэхдээ тус онолыг шууд хуулбарлах биш, бусад норматив онолоос манай орны нөхцөлд тохирох зарим зүйлийг нь тусгах замаар баяжуулан Монголын онцлогтой нийгмийн хариуцлагын онолыг бий болгох нь зүйтэй байна. Нийгмийн хариуцлагын онолыг өөрийн орны онцлогт нийцүүлэн олон улсын туршлагаас бүтээлчээр ашиглан хэрэгжүүлбэл зохихыг баталсанд энэхүү ажлын онолын гол ач холбогдол оршино.
Судалгааны ажлын практик ач холбогдол нь салбарыг нэгдсэн бодлогоор хангаж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжлийн болон ёс зүйн хариуцлага тооцох эрх зүйн чадамж бүхий үндэсний хэмжээний цор ганц субъектийг бий болгох; салбарын хууль эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэх зэрэг амьдралд хэрэгжих бүрэн боломжтой, Монголын сэтгүүл зүйн салбар дахь бодлогын гажуудал, хуримтлагдаад байгаа асуудлыг эергээр шийдэж чадахуйц гарц гаргалгааг зөвлөмж болгосон явдал юм.
Манай улсын 40 орчим хуульд хэвлэл мэдээллийн салбарын, 30 орчим хуульд сэтгүүлчийн үйл ажиллагаатай шууд холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээ тусгагдсан боловч зайлшгүй чухал асуудлууд эрх зүйн зохицуулалтгүй үлдсэнээс чөлөөт хариуцлагатай сэтгүүл зүйн оронд хариуцлагагүй сэтгүүл зүй бий болсон нь судалгаагаар тогтоов.
Монгол Улсын гадаад, дотоод аюулгүй байдал болон сэтгүүл зүйн салбарын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа хурдцыг хууль, эрх зүйн шинэтгэл гүйцэхгүй байгааг залруулах; Хууль бус, худал мэдээ тараан үндэсний болон байгууллага, хувь хүний эрх ашигт хохирол учруулах явдал сэтгүүл зүйд түгээмэл үзэгдэл болсон тул худал мэдээний эсрэг тусгай хуультай болох, бусад хуулиар хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэйг зөвлөмж болгов.
Мөн зайлшгүй байвал зохих хуулийн зохицуулалт дутуугаас гадна байгаа хуулийн заалтууд хэрэгжихгүй байгаа нь салбарын нэгдсэн удирдлага, бодлогогүй явж ирсэнтэй холбоотойгоор сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт алдагдаж нийгмийн оюун санааны хөтөч байх үүргээ биелүүлж чадахгүйд хүрснээс сэтгүүл зүйн нийгмийн аюулгүй байдалд үзүүлэх нөлөө эергээс сөрөг, нэмэхээс хасах руу хэлбийхэд хүрсэн байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоог хүн амын тоонд харьцуулбал хэт олон байгаа бөгөөд нийтэлж нэвтрүүлж буй агуулгын хувьд хязгаарлалт зохицуулалт бага учраас зугаацуулан цэнгүүлэх хөнгөн хөтөлбөрүүд, дуулиан шуугиант мэдээллүүд, сугалаа хонжвор зэрэг аз сорьсон нэвтрүүлэг зонхилж, мөн гадаадын кино, контентууд бодлогын шүүлтүүргүй чөлөөтэй цацагдаж байгаа нь үндэсний аюулгүй байдлыг хангахад сэтгүүл зүй сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааны чөлөөт, бие даасан байдлыг хангахын зэрэгцээ нийгмийн тогтвортой байдал, үндэсний эв нэгдлийг хангах үүднээс тэдгээрийн түгээж буй мэдээлэлд ёс суртахууны, аюулгүй байдлын, батлан хамгаалахын, улс төрийн, шашны, боловсролын, сурган хүмүүжүүлэхүйн зэрэг хязгаарлалтыг төрөөс зохистой хэмжээнд хийж эхлэх хэрэгцээ шаардлага нэгэнт бий болсныг харуулж байна. Энэ нь ардчилал өндөр хөгжсөн орнууд ч гэсэн нийгмийн аюулгүй байдлаа хангахын үүднээс зайлшгүй хийдэг зохицуулалт болохоос хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж байгаа асуудал биш юм.
Хэт их мэдээлэл, тэр дундаа сөрөг мэдээллийн түрэмгийлэл, хүчирхийлэлд өртсөн хүмүүс үнэн худлыг ялгаж чадахаа байснаас нийгмийн бухимдал, стресс нэмэгдэж, нийтээрээ догшин хэрцгий, хүлээцгүй түрэмгий араншинтай болж, нинжин сэтгэл алдагдаж нийгмийн аюулгүй байдлын болон сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болон хувирч байгаа нь судалгааны дүнгээс тодорхой байна. Иймд эдгээр сөрөг үзэгдлээс хамгаалах, эрсдэлийг бууруулах талаар санал болгосон арга хэмжээг хэрэгжүүлэх нь үндэсний аюулгүй байдлыг, ялангуяа нийгмийн аюулгүй байдлыг хангах нэг чухал алхам болно гэж дүгнэв.
Монголын сэтгүүл зүйн салбарын чадавхыг нэмэгдүүлэх, нэгдмэл бодлогоор хөгжүүлэхийн тулд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд Хуульчдын холбооны ажиллах зарчмыг хуульчлан тогтоож өгсөнтэй төстэй байдлаар асуудлыг шийдэж, сэтгүүл зүйн мэргэжлийн холбоо үндэсний хэмжээнд ганц байж, салбарын мэргэжлийн үйл ажиллагааг нэгдмэл бодлого удирдлагаар хангах, хариуцлага тооцох эрх зүйн орчныг бий болгох нь нийгмийн аюулгүй байдалд сэтгүүл зүйн үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах чухал шийдэл байх болно гэж үзэж байна. Сэтгүүлчдэд мэргэжлийн зэрэг олгох, мэргэжлийн болон ёс зүйн алдаа дутагдалд нь хариуцлага тооцон шаталсан арга хэмжээ авах эрхийг уг холбоонд олгож; сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллагсдын мэргэжлийн орчин үеийн шаардлагын доод хэмжүүрийг тогтоосон стандарт бий болгон мөрдүүлэх; сэтгүүлчдийг мэргэжлийн ур чадварын аттестатчилалд хамруулан зэрэглэл тогтоодог; хэвлэл мэдээллийн байгууллагуудыг магадлан итгэмжлэлд хамруулдаг болгох замаар салбарын алдагдсан бодлогыг цэгцлэх арга зам байна гэж үзэж байна.
Монголын төрөөс сэтгүүл зүйг стратегийн ач холбогдолтой салбарын тоонд оруулж, төрийн бодлогоор онцгойлон үзэж эрх зүйн орчныг нь сайжруулж, эрх чөлөөтэй ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхийн зэрэгцээ хариуцлагажуулах нь төр, иргэн, нийгмийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 97
Сүүлийн сард 20
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0