Гадаад орчны нөлөөнд шууд өртөж байдаг арьс нь бусад эрхтнүүдээс эрт өөрчлөлтөд орж хөгшрөлтийн анхны шинж тэмдэг нүүр, хүзүү, гарын арьсанд тод илэрдэг. Судлаачид насжилттай холбоотой өөрчлөгдөж байдаг чийглэг, тослог, үрчлээ, нөсөөжилт, уян хатан чанар зэрэг арьсны физиологийн үзүүлэлтүүд болон арьсны бичил топографын зураглалыг арьсны хөгшрөлтийг үнэлэхэд өргөн ашиглаж байна. Mанай оронд арьсны хөгшрөлтийн чиглэлээр хийгдсэн судалгааны ажил ховор байна. Олон улсад арьсны хөгшрөлтийг тодорхойлох аргууд шинэчлэгдэн боловсронгуй болж, шинжлэх ухаан технологийн дэвшилтэт аргууд нэвтэрсээр байгаа өнөө үед Монгол хүний арьсны хэв шинж, арьсны хөгшрөлт, физиологийн үзүүлэлтүүдийг тодорхойлж, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг судлах шаардлага зүй ёсоор урган гарч байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болсон юм.
Зорилго: Насанд хүрсэн Монгол хүний арьсны хөгшрөлт, арьсны физиологийн үзүүлэлтүүдийн нас дагасан хөдлөлзүйг түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлстэй холбон судлах
Хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг хүн амд суурилсан Аналитик судалгааны агшингийн загвараар хийж, УБ хот, Өмнөговь, Хөвсгөл, Увс, Дорнод аймгийн насанд хүрсэн 2731 хүнийг кластер түүврийн аргаар сонгон хамруулав. Арьсны физиологийн үзүүлэлтүүд болох арьсны гадаргуугийн чийглэгийг Moisture Checker MY-808S (SCALAR Corp.Japan), арьсны гадаргуугийн тослогийг Sebumeter, Sebum tape, нүхжилт, үрчлээ, нөсөөжилт, уян хатан чанарыг “Skin diagnosis system SD-Pro” (BOOMTECH Co.,LTD Korea) хэмжилтийн багажаар тодорхойлсон. Арьсны хөгшрөлтийг Beagley-Gibson-ны системын дагуу 6 зэргээр үнэлэв. Осол гэмтлийн улмаас нас барсан 20-69 насны 22 хүний хүзүүний өмнөд хэсгийн арьснаас 1х1.5 см хэмжээтэй дээж авч тосон цутгалга бэлтгэн, эд судлалын будгийн аргыг ашиглан шинжилгээг хийв. Меланоцит, Кератиноцит, Лангерганс, Mеркелийн эсүүдийн тоон үзүүлэлтүүдийг 100 мкм2 талбайд тодорхойлж, арьсны өнгөн хөрсний хөндлөн огтлолын талбай, периметр, зузааныг хэмжив. (“Leica” компьютер микроскоп, DISKUS
3.2 Version программ. Germany) Арьсны эдийн дээжинд PCK, CK20, HMВ45, LAG4D12 гэсэн 4 төрлийн эсрэгбие ашиглан Кератиноцит эс, Mеркелийн эс, Меланоцит эс, Лангергансын эсийг тус тус тодорхойлов. Судалгаанд хамрагдагчдын захын судаснаас өглөөний 7-8 цагийн хооронд 5 мл цус авч, цуглуулсан ийлдсэнд “ELISA” (DRG INTERNATIONAL, Dynex Technologies DS2® Germany,2012) бүрэн автомат анализаторын тусламжтайгаар мелатонин (Mт) даавар, эпидермийн өсөлтийн хүчин зүйл (EGF)-ийг оношлуур үйлдвэрлэгчийн дагалдуулсан аргачлалын дагуу тодорхойлж, тоон хэмжигдэхүүнийг нг/л (melatonin), пг/мл (EGF) нэгжээр илэрхийлэв.
Үр дүн: Арьсны физиологийн үзүүлэлтүүд нас (р=
0.0001), хүйс (р=
0.05) болон хот хөдөөд ялгаатай (р=
0.0001) байв. Арьсны эдийн болон иммуногистохимийн шинжилгээгээр нас ахих тутам арьсны өнгөн хөрсний хөндлөн огтлолын талбайн хэмжээ багасч (р=
0.005), өнгөн хөрс нимгэрч (р=
0.0001) байна. Меланоцит, Mеркелийн эс 100 мкм2 талбайд насны бүх бүлгүүдэд ойролцоо тархсан нь статистик ялгаагүй байсан бол Кератиноцит, Лангергансын эсийн тоо нас ахих тутам цөөрч (р=
0.0001) байна. Судалгаанд хамрагдагчдын ийлдсийн мелатонин дааврын дундаж хэмжээ
7.0±
8.1 нг/л, эпидермийн өсөлтийн хүчин зүйлийн дундаж хэмжээ
87.4±
92.4 пг/мл байв. Нас ахих тутам ийлдсийн мелатонины дундаж хэмжээ (p=
0.03), эпидермийн өсөлтийн хүчин зүйлийн дундаж хэмжээ буурч (p=
0.03) байлаа. Шөнийн ээлжийн ажил (aOR=1.31, 95% CI
0.80–
2.55), гадна орчинд (aOR=1.44, 95% CI
0.88–
2.39) болон хортой нөхцөлд ажиллах (aOR=1.31, 95% CI 1.12–1.55), тамхи татах (aOR=1.32, 95% CI 1.09–1.61), нарны хэт ягаан туяанд их өртөх (aOR=1.03, 95% CI 1.00–1.06), арьс арчилгааны мэргэжлийн тусламж үйлчилгээ авахгүй байх (aOR=
2.07, 95% CI 1.30-
3.30, aOR=
2.19, 95% CI 1.35-
3.53), хэт ягаан туяанаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх (OR=1.30, 95% CI 1.02-1.66), нас ахих (aOR=1.19, 95% CI 1.8–1.20), ийлдсийн мелатонины хэмжээ буурах (OR=
0.96, CI
0.93-
0.99), арьсны гадаргуугийн чийглэг маш бага байх (aOR=
2.10, 95% CI 1.42-
3.11), арьсны гадаргуугийн тослог маш бага байх (aOR=1.57, 95% CI 1.16–
2.11), хэвийн хэв шинжээс бусад арьсны хэв шинж, ялангуяа хуурай арьсны хэв шинжтэй байх (aOR=1.94, 95% CI 1.45–
2.59) зэрэг нь арьсны хөгшрөлтийн зэрэг өндөр байх үзүүлэлттэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байна.
Дүгнэлт:
1. Насанд хүрсэн Монгол хүнд нас ахих тутам арьсны гадаргуугийн тослог, чийглэгийн хэмжээ, уян хатан чанар буурч, үрчлээ, нөсөөжилт нэмэгдэж байгаа хөдлөлзүй ажиглагдсан боловч цаг уур, газар зүйн байрлал, орчин ахуй, амьдралын хэв маягийн онцлог болон бусад гадаад, дотоод хүчин зүйлээс хамааран хот суурин болон хөдөө орон нутгийн хүмүүст ялгаатай байна.
2. Бичил бүтцийн хувьд арьсны өнгөн хөрс, жинхэнэ давхаргын хөндлөн огтлолын зузаан, талбай, периметрийн хэмжээ насны бүлэг нэмэгдэх тутам багасаж, Лангергансын эс болон Кератиноцит эсийн тоо цөөрч байгаа нь насжилтыг даган арьсны хамгаалах үйл ажиллагаа буурч, нөхөн төлжих үйл явц удааширч байгааг илтгэж байна.
3. Ийлдсийн мелатонин болон эпидермийн өсөлтийн хүчин зүйлийн түвшин буурах тутам арьсны хөгшрөлтийн зэрэг нэмэгдэж байна. Хөдөө орон нутгаас хамрагдагчдын ийлдсийн мелатонин, эпидермийн өсөлтийн хүчин зүйлийн түвшин УБ хотын хамрагдагчдаас өндөр тодорхойлогдсон нь хөдөө орон нутгийн хүмүүст арьсны хөгшрөлт харьцангуй хожуу явагдах боломжтойг харуулж байна.
4. Насанд хүрсэн Монгол хүний арьсны хөгшрөлтөд шөнийн ээлжийн ажил, гадаа болон хортой нөхцөлд ажиллах, тамхи татах, шөнийн нойр хангалтгүй байх, нарны хэт ягаан туяанд их өртөх, хэт ягаан туяанаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, арьс арчилгааны мэргэжлийн тусламж үйлчилгээ авахгүй байх, нас ахих, ийлдсийн мелатонины хэмжээ буурах, арьсны гадаргуугийн чийглэг болон тослогийн хэмжээ маш бага байх, хэвийн хэв шинжээс бусад арьсны хэв шинж, ялангуяа хуурай арьсны хэв шинжтэй байх зэрэг хүн ам зүйн, физиологийн болон амьдралын хэв маягтай холбоотой эрсдэлт хүчин зүйлүүд нөлөөлж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 12
Ишлэгдсэн тоо : 0