Судалгаанд хамрагдсан нийт 69 хиргисүүр болон түүнд холбогдох байгууламжийн баримт байгаагаас Голын дараасыг бүрэн гүйцэд малтсан 63 хиргисүүрийн 44 буюу
70.%-иас нь хүний оршуулга илэрсэн юм. Үүнээс үзвэл хиргисүүрийг байгуулах болсон гол үндсэн шалтгаан нь нас барсан хүнд зориулагдсан оршуулгын зан үйл болох нь тодорхой байна. Харин тухайн нас барагчид зориулан оршуулга үйлдэхдээ тодорхой ёс заншил, зан үйлийн дагуу адуугаар тахил үйлдэж, зүлдлэн дагуул байгууламжид хийнэ. Энэ нь оршуулгын зан үйлийн нэг хэсэг болох ба тухайн нас барсан хүний гарал, угсаа, нийгмийн байр сууриас хамаарч хиргисүүрийн овор хэмжээ, дагуул байгууламжийн тоо ихээхэн шалтгаална.
Хиргисүүрийг ангилахдаа хиргисүүр ба хиргисүүрийн он цагт хамаарагдах чулуун дараас булш хэмээн ангилан үзэв. Эдгээр бүлгүүд нь оршуулгын зан үйл, холбогдох он цаг, тархалт гэх мэт олон шинжүүдээр ижилсэх боловч орон нутаг, шүтлэг бишрэл, овог аймгийн онцлогийг тусгасан зам, цацраг, дагуул байгууламжуудын хэлбэр, хүрээний хэлбэр гэх мэт нэмэлт байгууламжуудаараа бага зэргийн ялгаатай байна.
Дурсгалуудыг байгуулахдаа нас барагчийн нийгэмд эзлэх байр сууриас хамаарч харилцан адилгүй хэмжээтэй байгуулдаг бөгөөд энэ нь тухайн үеийн нүүдэлчдийн нийгэм нарийн зохион байгуулалттай, боловсронгуй тогтолцоо буй болж байсныг харуулах нэгэн нотолгоо юм.
Хиргисүүр, буган хөшөөний соёлынхон НТӨ XIII-VIII зуун буюу 600 орчим жилийн хугацаанд оршин тогтнохдоо газар нутгийн хувьд хойд тал нь Өвөр Байгал, өмнөд тал нь Говь, зүүн тал нь Хэнтий нуруу, баруун тийш Алтай нуруу, цаашлаад Тэнгэр уул хүртэл асар уудам нутагт өөрсдийн булш, оршуулга, тахилын байгууламжийг бүтээн цогцлоожээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0