Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хөөмийн дуу авиа үүсэхэд оролцох эрхтнүүдийн бүтэц, үйл зүйн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4859
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : монгол хөөмий, дуу, авиа эрхтнүүдийн бүтэц

Аннотаци

Төв Азийн нүүдэлчин ард түмнээс үүсэлтэй, өгүүлэхүйн эрхтний оролцоотой хоёр ба түүнээс олон “давхар” авиа гарган, ая аялгуу үүсгэдэг өвөрмөц нэгэн урлагийн төрөл бол хөөмий юм. Хөөмий нь Монгол нутагт үүсэн хөгжиж, өв уламжлагдан ирснийг ЮНЕСКО-оос батламжилж, хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад 2010 онд бүртгэсэн.
Монгол улсын Ерөнхийлөгчийн “Монгол хөөмийн урлагийг хөгжүүлэх тухай” 2006 оны 01 сарын 05-ны өдрийн 01 дугаар зарлигт:
1. Яруу өгүүлэхүйн эгшиглэнт урлаг хөөмийг өвлөн эзэмшиж, хөгжүүлэхийг монголын нийт ард, иргэдэд уриалсугай.

2. Монгол хөөмийг сургах, судлах, дэлгэрүүлэх зорилгоор өргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгч, урлаг, соёлын зүтгэлтнүүдэд үүрэг болгосугай хэмээжээ.
Хөгжмийн зэмсэг үл хэрэглэн нэгэн зэрэг хоёр ба түүнээс олон давхар авиа гарган ая аялгуу үүсгэж буй нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж, хөөмий үүсгэхэд оролцох эрхтнүүдийн үйл ажиллагаа, түүний дуу авианы онцлог, шинж чанарын талаар судалгаа хийх сонирхлыг ихээр төрүүлдэг байна. Хөөмийлөх үйл явц, хөөмийн дуу авианы онцлог шинж, хүний бие махбодид үзүүлэх нөлөөг анагаах ухааны талаас тэр дундаа анатомийн бүтэц, үйл зүйтэй холбон судалсан эрдэм шинжилгээний ажил хомс байгаа нь цаашид энэ чиглэлээр хийгдэх судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлж, хөөмийч, судлаачдын дунд буй ам дамжсан, шинжлэх ухаанч бус ойлголтыг залруулж, ангилал нэршлийн талаарх маргаантай асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг илтгэж байна. Тиймээс хөөмийлөхөд оролцох эрхтнүүдийн бүтэц, үйл ажиллагааны онцлогийг оношилгоо эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж, арга аргачлалыг ашиглан, өөрийн орны мэргэжлийн уран бүтээлчдийг хамруулан судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй баримт мэдээлэл гарган олон нийтэд таниулах шаардлагатай байгаа нь тухайн судалгааны ажлыг хийх үндэслэл болно.
Зорилго: Хөөмийлөхөд оролцох эрхтнүүдийн бүтэц, үйл зүйн онцлогийг анагаах ухааны талаас судалж, хөөмийн төрөл тус бүрийн онцлог ялгааг тодорхойлох.
Судалгааны материал ба аргазүй: Судалгааг агшингийн судалгааны загвар (Cross-sectional study design), дүрслэлийн судалгааны загвар (Imaging study design), интервенцийн судалгааны загвар (Interventional study design)-ыг тус тус ашиглан хийж гүйцэтгэв. Судалгаанд оролцогчдыг санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэн 50 хөөмийчийг хамруулсан. Хөөмийлөхөд оролцох эрхтнүүдийн бүтэц, үйл зүйн онцлогийг судлах зорилгоор асуумж, чих хамар хоолойн бодит үзлэг, антропометрийн хэмжилт, рентген, уян дуран, спирометр, пульсоксиметр, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, дуу авиа судлалын шинжилгээг тус тус хийж гүйцэтгэв. Судалгааны ажлын үр дүнгийн тоон үзүүлэлтийг биостатистикийн үндсэн аргуудын тусламжтайгаар “SPSS
25.0”, “Microsoft Excel” программуудыг ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн.
Судалгааны үр дүн: Судалгаанд 18-70 насны эрэгтэй 45 (90%), эмэгтэй 5 (10%) нийт 50 хөөмийч хамрагдсан бөгөөд судалгаанд оролцогчдын төрсөн газар нутгийг судалбал Монгол орны 4 бүсийг төлөөлж байв. Хөөмийлөх үед төвөнхийг дурандаж ажиглахад залгиурын булчингууд шахагдан бүх хана нь агшиж, төвөнхийн орох амсар хүчтэй нарийсч, дууны туслах хөвчүүд ачаалагдан, дууны завсар нь нүх шиг болж өөрчлөгдөж байгааг тодорхойлов. Хэлний байрлал, хөдөлгөөний өөрчлөлтөөр амны хөндийн дуу цуурайтах зай нарийсч уг өөрчлөлт нь төвөнхөөс гарсан хөөмийн үндсэн авиаг исгэрэн шүгэлдэх хэлбэрийн тод шингэн авиа болгон хэлбэржүүлж байна. Бидний судалгаагаар исгэрээ хөөмийн суурь авианы дууны давтамж
197.5±
25.6 Гц, давхар авианы дууны давтамж
2742.1±
149.9 Гц, дууны хүч дунджаар
95.4±
5.2 дБ байв. Хархираа хөөмийн суурь авианы дууны давтамж
125.4±
25.9 Гц, аялгуут авианы дууны давтамж 574±134 Гц, дууны хүч 82±5 дБ байв. Бидний судалгаагаар хөөмийлөхөөс өмнө ба дараах үеийн цусны цагаан эс
7.0±1.7-оос
8.8±
2.0 болж ихэссэн бөгөөд үүнийг физиологийн лейкоцитозтой холбон тайлбарлаж байна. Судалгаанд оролцогчдын хөөмийлсний дараах үеийн зүрхний цохилтын тоо 1 минутанд дунджаар
134.6±
17.4 (max 169); (p>
0.0001) байгаа нь зүрхний үйл ажиллагаа хэвийн үеийнхээс 70-80%-иар илүү дайчлагдан бие махбодид “хүнд” зэргийн ачаалал үүсгэдэг гэж үзэх үндэслэлтэй байна. Бид хөөмийн дуу авиа нь шахаа ба хархираа гэх 2 үндсэн хоёр хэлбэрийн дуу гаргалтаар үүсч байгааг тодорхойлсон бөгөөд дээрх 2 төрөлд тулгуурлан бусад хөөмийн авиа хэлбэржин төрөлжиж байна гэж үзэв.
Дүгнэлт:
1. Хөөмийн дуу авиа үүсэхэд цээжний хэнхэрцэгийн бүтэц, өрц, уушги нь амьсгалын замд даралт үүсгэн дууны хөвчид очих агаарын урсгалын эрчмийг зохицуулж, төвөнх, дууны хөвчүүд нь агаарын урсгалаас үүсэх дууны долгионыг авиа болгон чичирхийлүүлж, ам, хамрын хөндий, хэл, залгиур нь дуу авиаг цуурайтуулах, хэлбэржүүлэх үүрэгтэй оролцож байна.

2. Хөөмий үүсгэхэд оролцох эрхтнүүдийн үйл ажиллагаа нь даралт бүхий агаарын урсгал үүсгэх, чичирхийлүүлэн хэлбэлзүүлэх, цуурай үүсгэн хэлбэржүүлэх гэсэн дараалал, уялдаа хамааралтай явагдаж байна.

3. Хөөмийн нэр төрлийг бүтцийн оролцоо, үйл зүйн талаас нь шахаа ба хархираа гэсэн 2 төрөл болгон ангилах нь зүйтэй юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 38
Сүүлийн сард 24
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :