Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол туулийн үнэлэмжийн асуудалд



Салбар : Хүмүүнлэгийн ухаан , 6.5 Бусад хүмүүнлэгийн ухаан
Улсын дугаар : 4887
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : үнэлэмж, баатарлаг тууль, арх?ологи, угсаатан, туулийн үүсэл, аман зохиол

Аннотаци

Энэхүү судалгааны ажил нь зохиол нь удиртгал (судалгааны тойм) гурван бүлэг, төгсгөлөөс бүрдсэн 233 нүүр хэмжээтэй. Удиртгал, нэгдүгээр бүлэгт монгол туулийн үүслийн талаарх олон улсын эрдэмтдийн санал, дүгнэлтийг он цагийн дагуу авч үзсэн байна. Улмаар тууль үүссэн цаг хугацааг түүнд туссан нийгмийн байгууллын үлдэц, ул мөрөөр биш, өөр арга зүйгээр авч үзэхийг зорьсон байна. Чингээд туулиудад байгаа мэдээ мэдээллийг монгол орноос илэрч олдсон археологийн дурсгал, угсаатны судлалын хэрэглэгдэхүүнтэй харьцуулах аргаар монгол туулийн үүссэн он цагийг ерөнхий байдлаар тогтоохыг зорьжээ. Үнэхээр туулийн агуулга, дүр, дүрслэл зохиомжтой адилтган харьцуулж болохуйц зүйлс монгол орноос олдсон археологийн дурсгал, угсаатны судлалын хэрэглэгдэхүүнд байгаа нь эл судалгааг явуулахад дөхөм болжээ.
Зохиолын нэгдүгээр бүлэгт, Монгол нутагт төвлөрөн тархсан хиргисүүр – буган хөшөө болон дөрвөлжин булшны археологийн дурсгалуудтай монгол туулийн зарим дүр дүрслэл, багаж зэвсэг, бэлгэдлийн ёс, хувцас зүүсгэл зэргийг харьцуулан адил болон төстэй зүйлсүүдийн жишээ баримтаар тодруулан гаргажээ. Мөн буган чулуу, дөрвөлжин булшны хөшөө чулуунд дүрслэн хийсэн ан амьтад хутгууд, илд, бамбай, жад, хуяг, нум сум, хоромсого, гох дэгээ, дуулга зэрэг багаж зэвсгийн зүйлс нь монгол туулиудад гардгийг харьцуулан гаргасан явдал юм. Энэ ажиглалтдаа тулгуурлан горилогч буган чулуу, дөрвөлжин булшны хөшөө чулуунд сийлсэн дээрх зүйлс, туульд өгүүлдэг зэр зэвсэг зэрэгтэй их төлөв дүйж байгаа нь тууль, буган чулууны дүрслэл нь угтаа нэг эх сурвалжтай, ойролцоо цаг үеийн бүтээл болохыг харуулж байна хэмээн зарчмын шинэ дүгнэлтэд хүрсэн байна. Хүрэл зэвсгийн үеийн хадны зурагт эвэртэй тэмээ, эвэртэй морь зэргээр эвэргүй амьтныг эвэртэй дүрсэлснийг горилогч олж ажиглан “Баянцагаан өвгөн”, “Бөх Алтан нудрам” зэрэг туулиудад эвэртэй хар хээр азарга, эвэртэй жороо хүрэн морь, “Айдурай мэргэн” туульд “ганц эвэртэй газар дайдын эзэн буур” гэж гардагтай харьцуулан хүрэл зэвсгийн үеийн хадны зурагт дүрсэлсэн эвэртэй амьтны тухай домгийн ойлголт, дүр дүрслэл монгол туульд туссан байна гэж дүгнэжээ.
Тиймээс туульд өргөн тусгагдсан буган чулуу болон дөрвөлжин булшны дурсгалуудын он цагийг харгалзан монгол тууль нь барагцаалбал НТӨ X – VI зууны орчимд үүсэж хөгжжээ хэмээх саналыг дэвшүүлсэн байна. Энэ саналаар бол монгол тууль 3000 гаруй жилийн настай гэж үзэж болно.
Мөн монгол туулийн баатруудыг монгол бөөгийн тэнгэрүүдтэй харьцуулах аргыг сонгож авчээ. Тэрбээр бөөгийн дуудлага, тамлага зэрэг аман зохиолоос бөөгийн тэнгэрүүдийг шүүрдэн авч, тэдгээрийн нэр нь юу болох, баруун зүүний аль тэнгэр болох, ямар араншинтай аль зүгт залардаг зэрэг үндсэн шинжийг нь монгол туулийн баатруудын ааш зан, эерэг сөрөг ямар дүр болох, гарал язгуур нь юу болох нэр нь бөөгийн тэнгэртэй холбоотой эсэхийг харьцуулан судлаад өөрийн санал дүгнэлтийг гаргасан байна. Чингээд 20 орчим туулийн 30 шахам баатрыг 20 орчим бөөгийн тэнгэртэй харьцуулжээ. Судалгаанд хамрагдсан 20 орчим туулийн 30 шахам баатар нь бөөгийн тэнгэрүүдийн нэртэй буюу тэдний нэр оролцсон нэртэй байгааг тогтоосон. Тэгэхдээ бөөгийн тэнгэрүүд нь нэрээ тогтвортой хадгалсан байхад туулийн баатруудын нэрэнд зарим тодотгол, чимэг үг нэмэгдсэн нь тууль бол уран сайхны бүтээл учир тийн өөрчлөлт оржээ гэж үзжээ. Улмаар дээрх ажиглалтууддаа тулгуурлан,
- Монгол тууль нь анх үүсэхдээ тухайн үеийнхээ бөөгийн домог, бөөгийн тэнгэрүүдийн шинж төрх, тэдний хоорондын явдалд үндэслэн буй болсон. Тухайлбал, бөөгийн тэнгэрүүдийн хоорондын зөрчил тэмцэл нь анхандаа баатарлаг туулийн зохиомж, үйл явдлын үндэс болж, бөөгийн тэнгэрүүд нь туулийн баатруудын эх дүр (прототип) нь болсон.
- Монгол баатарлаг тууль нь уг гарлаараа бөөгийн (шашин) үүсэлтэй туулиудад багтана.
- Монгол туулийн баатрууд нь ихэнх тохиолдолд тэнгэрлэг язгууртай хэмээн өгүүлэгддэг нь туулийн баатруудын эх дүр нь бөөгийн тэнгэрүүд байсантай холбоотой гэх зэрэг шинэ сэргэг дүгнэлтүүд хийсэн нь шинэлэг зүйл болжээ.
Хоёрдугаар бүлэгт: Хоёрдугаар бүлэгт монгол туулийн урт хугацааны хөгжлийнхөө явцад түүнд наалдсан нийгэм, соёл, угсаа, шашин, түүхэн сэтгэлгээ зэрэгт холбогдох үг хэллэгийг бүлэглэн тайлбарлаж, халх барга, буриад ойрад туулийн холбоо харилцааны зэргийг баримт материалд тулгуурлан тайлбарласан байна. Жишээлбэл, молцог, зүлд гэх үгсийн тайлбарлахдаа зүлдийг тайлга тахилгын ёс ба археологи, угсаатны зүй, түүхийн баримтуудтай холбон тайлбарласан бол молцог нь анхандаа эрт балар цагийн баатар эрийн дайснаа дарсны бэлгэдэл, скифүүдийн дайсны хуйх авах заншилтай холбон бичсэн байна. Энэ бүлэг нь нягт сайн бичлэгтэй болохын сацуу туульд наалдан үлдсэн нийгэм, соёл, түүхийн олон нэр томьёог тайлбарласнаар горилогч тууль үүсэн бүрэлдсэн гэж үзсэн өмнөх бүлгийн дүгнэлтээ нутлан, түүнээс нааш уламжлан хөгжих явцдаа түүхэн цаг үеийн шинжтэй үг хэллэг ойлголтуудыг илэрхийлж байгаагаар баталсан нь энэ хоёр бүлгийн холбоо харилцаа нэгнээ нөхөж байгааг илэрхийлсэн байна.
Гуравдугаар бүлэгтээ монгол туулийн соёлын нийтлэг үнэлэмжийг судалж, монгол нүүдэлчдийн баатарлаг туулийн илэрхийлж байгаа үнэлэмж үнэт зүйлийг тодорхойлсон байна. Үүний тулд нэгдүгээрт, үнэлэмж ба үнэт зүйл хэмээх нэр томьёоны асуудлыг хөндөж, монгол туульд орон зай, цаг хугацаа, эрхэмлэх ба цээрлэх, нэгдмэл үнэлэмжийн зүйлс байгааг тодруулан соёлын давхраат загвараар дэлгэн үзүүлэхийн хамт, монгол туульд нэвт шингэсэн сүнсний тухай үзлийг тайлбарласан ажээ. Ингэхдээ туулийн бэлгэдэл, баатар, зан үйл гэсэн бүтцийг ашиглан түүний нийтлэг үнэлэмжийг тодруулсан нь ямар нэгэн байдлаар бидэнд баримжаа олгох хийгээд энэ үнэлэмжийн загвар нь өмнөх бүлгүүдтэй холбоотойгоор боловсрогдон гарч байгаа явдал бол энэ судалгааны ажлын бүхэллэг нэгдмэл талын илэрхийлэл болжээ.
Энэхүү зэрэг горилсон зохиолд, урьд нь тийм ч гүнзгий харьцуулан судалж байгаагүй археологийн дурсгалууд хийгээд туулийн зохиомж, дүр дүрслэлүүдийг бас туулийн баатруудыг бөөгийн тэнгэрүүдтэй харьцуулан судалж, холбогдох санал дүгнэлтийг дэвшүүлэн тавьснаар судалгааны хувьд шинэлэг болж чадсан байна. Судалгааныхаа явцад монгол аман зохиолын сөрөг талын түгээмэл баатар мангас нь анхандаа бөөгийн зүүний догшин тэнгэр байгаад туулийн баатар болсон гэх буюу басхүү Чингис хэмээх нэрийн учрын талаар гэх мэт олон шинэлэг санал тавьсан нь сонирхолтой байгааг дурдууштай. Туулийг монголын соёлын түүхийн томхон үзэгдэл мөн гэдэг байдлаар түүнд хандаж, түүнийг археологийн дурсгал, бөөгийн тэнгэрүүд зэрэг соёлын бусад үзэгдлүүдтэй харьцуулсан нь судалгааны аргын хувьд шинэлэг болсон байна. Тийнхүү горилогчийн энэ зохиол нь соёлын түүхийн чиглэлээр бичигдсэн бүтээл болсон гэдгийг тэмдэглүүштэй байна.














Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 32

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 16
Сүүлийн сард 14
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :