Монгол орны хүйтний улиралд бетон цутгалтын ажлыг гүйцэтгэхэд сүүлийн жилүүдэд цутгах бүтээцийн гадуур барьсан түр хүлэмжийн дотор агаарыг халаагч ашиглан халаах арга буюу конветив халаалтын аргыг түлхүү хэрэглэглэж байна. Орчны агаарыг халааж байгаа учраас түр байгууламжийн доторх агаар болон бүтээцийн дотор агаарыг жигд халаахын тулд агаарын эргэлт их чухал байдаг ч манай нөхцөлд үүнийг бараг хийхгүй байгаа юм. Үүнээс шалтгаалж бүтээцийн ялангуяа босоо бүтээцийн дотор температур жигд биш болох нь цаашид бүтээцийн шинж чанар, ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг энэхүү судалгааны ажлаар судалсан.
1. Монгол орны хүйтний нөхцөлд, барилга угсралтын талбайд конвектив халаалтын аргаар арчилгааг хийсэн бетон бүтээцийн дотоод температурын тархалтыг арчилгааны нийт хугацаанд хэмжин судалж, бүтээцийн дотоод температурын талбай жигд биш, ялангуяа босоо бүтээцүүдэд өндрийн дагуу хэлбэлзэлтэй байгааг тогтоож тус үр дүнг хагас үйлдвэрлэлийн туршилтаар баталгаажуулсан.
2. Бэхжилтийн орчны жигд бус температур нь бетоны микро бүтцэд (нүх сүвний хэмжээ тархалт, гидратацийн бүтээгдэхүүн) шууд нөлөөлж буйг туршилтаар илрүүлж, бетоны шахалтын бат бэх сийрэгжилтийн хамаарлын зүй тогтлыг тогтоосон.
3. Хүйтний улиралд конвектив халаалтын аргаар цутгаж бэхжүүлсэн бетоны дотоод бүтэц, бат бэхийг судалж бетон баганын дээд хэсэгт бэхжилтийн эхэн үеийн өндөр температурын сөрөг нөлөөллөөр бетон сийрэгжин макро нүх сүв ихэсч, гидратацийн бүтээгдэхүүн жигд бус үүсч улмаар бэхжилтийн сүүл үеийн бат бэхийн өсөлтийг бууруулж буйг харин баганын доод хэсэгт арчилгааны нийт хугацаанд температур 20°С хүрсэн хугацаа богино, гидратацийн урвал явагдах зохистой нөхцөл бүрдэхгүй байгаагаас үүдэлтэй бат бэхийн байнгын алдагдалд хүрч байгааг туршилтаар тогтоосон. Эндээс хүйтний улиралд конвектив халаалтын аргаар бетоны ажлыг гүйцэтгэхдээ хүйтний нөхцөлд бетоны ажил гүйцэтгэх технологийн горимыг сайтар баримтлах болон бусад арга технологиудтай хослуулан хэрэглэх шаардлагатай гэж үзэв.
4. Хүйтэн нөхцөлд конвектив халаалтын аргаар арчилгаа хийх үед бетон бүтээцийн дотоод температурын талбай жигд бус тархалттай ялангуяа босоо бүтээцүүдэд өндрийн дагуу хэлбэлзэлтэй байгаад нөлөөлөх нэг хүчин зүйл нь арчилгаа эхлэх үеийн анхны температур бөгөөд туршилтын үр дүнд анхны температур нь арчилгааны нийт хугацаанд баганын хөндлөн огтлол дахь температурын зөрүүнд нөлөөлж байгаа нь тогтоогдсон.
5. Тооцооны Ansys workbench программаар конвектив халаалтын аргаар бетон цутгаж арчлах үед төмөрбетон баганын дотоодод үүсэх дулаан тархалтын загварчлалыг боловсруулан тооцоход бүтээцийн дотоод температурын талбай баганын өндрийн дагуу жигд бус тархалттай дээрээс доош буурсан, хөндлөн чиглэлд мөн жигд бус тархалттай үр дүн гарсан. Программаар тооцоолсон болон туршилтын үр дүнгийн хоорондын зөрүү 3-8°С буюу ойролцоо утга, дулаан тархалтын ижил зүй тогтолтой гарч буй нь үр дүн зөв байгааг харуулж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 10
Ишлэгдсэн тоо : 0