Сүүлийн жилүүдэд дэлхий нийт хүн төвт хөгжлийг чухалчилж, хүүхэд нэг бүрийн суралцахуйд сурах ерөнхий чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлэхийг зорьж байна (UNESCO \2009\, UNESCO Bangkok \2014, 2016\, OECD \2018\, Нью-Йоркийн тунхаглал “Тогтвортой хөгжил - 2030”, Хэфэйн тунхаглал \2013\...). Эдгээрт үндэслэн Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030”, “Алсын хараа - 2050” өөрийн урт хугацааны хөгжлийн бодлогыг батлан гаргасан. Тухайлбал, “Алсын хараа-2050” -ийн хоёрдугаар зорилтод “хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ” хэмээн тусгагдсан бөгөөд тэр нь өнөөгийн Монгол орны боловсролын бодлогын холбогдох баримт бичгүүдэд тусгалаа олж, хэрэгжиж эхлээд байна. Энэ бол дэлхийн нийтийн болон Монгол улсын боловсролын бодлогоос үүдсэн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага.
Нөгөөтэйгүүр, дэлхий нийтийн боловсролын үзэл баримтлалд нийгмийн конструктивизм давамгайлах байр суурийг эзлэх болж “хүүхэд нэг бүр өөрөө мэдлэгийг зохиомжлон бүтээдэг” санаанд түшиглэн залгамж хойч үеэ сурган хүмүүжүүлэхэд анхаарлаа хандуулдаг боллоо. Энэ бол орчин үеийн боловсролын онол, үзэл баримтлалаас үүдэн буй хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага.
Мөн манай улсын боловсролд түүнийг “өрөөлийг бус хүмүүнийг судлагдахуун болгон авч бүтээсэн өөрийн уламжлал соёлоо дэлхийн дахины дэвшилтэт үзэл санаатай төгс зохицолдуулан хөгжүүлэх” хөтөч үзэл сүүлийн жилүүдэд ихээхэн түгээмэл болж буйн улмаас бид бүхэн хүүхэд бүрийг сургалтын төвд байлгах шаардлагатай болж байна. Энэ бол Монголын уламжлалт соёлоос илэрч байгаа хүүхэд нэг бүрийн суралцахуйг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага.
Эдгээр хэрэгцээ шаардлагын багц нь бидний энэхүү судалгааны ҮНДЭСЛЭЛ болж өгч байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бидэнд хүүхэд нэг бүрийн суралцахуйг хөгжүүлэх асуудлыг тал бүрээс нь судлан ажил хэрэг болгох хэрэгцээ шаардлага юу юунаас чухал болж байна.
Хүүхэд нэг бүрийн хөгжүүлэх асуудал нь тэдний чухам юуг хөгжүүлэх бэ? гэдгээс эхэлдэг. Энэ асуултад өнөөдөр бидний олонх ЮНЕСКО-гоос дэлхийн хамтын нийгэмлэгийнхэнд зөвлөмжилсөн мэдэхийг сурахуй (Learning to know), бүтээхийг сурахуй (Learning to do), оршин байхыг сурахуй (Learning to be), хамтдаа нийгэмшин амьдрахыг сурахуй (Learning to socially live together) гэсэн дөрвийн нэгдцийн үүднээс хариулж байна. Гэтэл сүүлийн жилүүдэд “бүгд байнга боломжтой” байхуйцаар тэгш хөгжихүйн үндэс нь хүүхэд нэг бүрийн суралцахад сурахуйг хөгжүүлэх явдал хэмээн гадаад (Харвард, Сhirs, OECD 2005), дотоодын зарим эрдэмтэд (Жадамба.Б., 2018) тэмдэглэх боллоо.
Хүүхэд нэг бүрийн ЮНЕСКО-гийн 4 зүйлийн сурахуйг, эсвэл суралцахуйд сурахуйг хөгжүүлэх нь энэ цаг үеийн судлаачдын анхаарлын төвд орсон, судлах шаардлагатай олон асуудлыг өөртөө агуулсан, судалсан бүхэн нь онол, практикийн ихээхэн ач холбогдол бүхий талбар юм. Энэ талбараас бид “суралцахуйд сурахуй”-г сонгон өөрийн судалгааныхаа ажлыг түүнд чиглүүлсэн болно.
Бид энэхүү асуудлын хүрээнд гадаад, дотоодын судлаачдын бүтээлүүдийг тоймлон шинжлэх явцдаа сургалтад баримтлаж ирсэн онол үзэл баримтлал, түүний үр нөлөөнд хөгжих сургалтын арга зүй нь “сургах”, “сурах” гэсэн хоёр үйлд туйлшран хэрэгжсэнээр байсныг ажиглав. Сургах (teaching) үйл буюу “заах арга”-д тулгуурласан сургалтын онол, аргазүйчдийн гол төлөөлөгчид болох Б.Скиннер, Ж.Ватсон, Е.Толмэн, А.Н.Леонтьев, А.В.Запорожец, Л.А.Венгер, И.П.Иванов, Т.И.Гончарова, Т.А.Власова, В.В.Давыдов, Бовит, Бурк, Роберт Магер нарын бүтээлд суралцагч нь багшийг дагуулан номоор сургахуйн шинж, давуу талыг төвийлгөн, багшийн заах аргад анхаарч мэдлэгийг дамжуулах, давтуулах, эзэмшсэн агуулгын багтаамж түвшинг шалгах үйлүүдийг чухалчилсан байдаг нь харагдана.
Сурахуйд (learning) хөтлөх сургалтын уламжлалт болон шинэ олон арга зүйгээс мэдлэг бүтээх (construct knowledge), асуудал буюу төсөлд суурилах (Problem-based learning), асуудал шийдвэрлэх (problem solving), эрэл хайгуулд суурилах (Inquiry based learning), суралцагч төвт (learning centered) зэрэг технологиуд нь ач холбогдолтой, үр дүнтэй байгаа нь судлаачдын бүтээлд туссан байна. Лэмэн, Лэмпэрт, Нисбэт (1988), Дэвид Жоннассен (2010), Н.М.Зверева (1985), Kарл Поппер (1999), Грэснер нар (1996), Мэрилл (Merrill, 1991) нарын эрдэмтэд асуудал шийдвэрлэх сургалтын арга зүйн гол төлөөлөгчид бөгөөд Мэрилл (Merrill, 1991) “сурах боломж бололцоо нь хүмүүс танин мэдэхүйн зөрчил, эргэлзээ төрөх, эсвэл тулгамдсан байдалд ороход, мөн төлөвлөсөн асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны үйл явцад үүсдэг” хэмээн үзжээ. Култрау, Манитес, Каспари (2012) чиглүүлэгтэй эрэл хайгуулын загвар, Б.Жоуль (2008) эрэл хайгуулын тойрог загвар, Брэнч, Оберг (2004) Албертагийн эрэл хайгуулын загвар, Кэт Мурдок (2010) эрэл хайгуул хийх үе шат, Барбара Стриплинги (2004) залуусын эрэл хайгуулын загварыг боловсруулан эрэл хайгуулд суурилсан сургалтын технологийг олон талаас нь тодорхойлон хэрэглэж байна.
Дотоодын бүтээлүүдийг тоймлон шинжлэвэл сургалтын онол арга зүйн асуудлаар Б.Бурмаа (2008), Н.Бэгз (2006), Д.Ванчигсүрэн (1996), Н.Нэргүй (2002), Ц.Лувсандорж (2001), Г.Гомбожав (1998), С.Энхтүвшин (2005), Б.Жадамба (2010), Р.Бандий (2006), Г.Содномваанчиг (2002), Ч.Лхагважав (2007), О.Пүрэв (2003), Ц.Содов (2006), Д.Монхор (2003), Л.Жамц (1999), С.Батхуяг (2007), Ч.Пүрэвдорж (2006), Б.Энхтүвшин (2005), Ш.Ичинхорлоо (2008) нарын бүтээл, судалгаанууд зонхилж байна. Байгалийн ухааны хичээлээр, суралцагчдын сургахуй, сурахуйд дэмжих арга технологийн талаар Н.М.Зверева (1985), Д.А.Полонянка, Омика Акани (2015), Mathias Tomandl (2015), Fernandez (2017), Н.Ф.Талызина (1992), Г.В.Ярочкина (2001) зэрэг гадаадын, Д.Ванчигсүрэн (1996), Д.Дорж (1994), Ц.Сумъяа (2006), А.Бямбаа (2000), Г.Гомбожав (2005), С.Батхуяг (1995), Б.Өлзийхутаг (2005), О.Алтангоо (2009), Л.Удвал (2016), Б.Цэдэнбал (2010) нарын эрдэмтэд судалсан байна.
Сургахуй ба сурахуйг салангид үйлүүд хэмээн үзэж, тэдгээрийн хоршоо нийсэл болох суралцахуйн тухай онол, арга зүй судлагдахгүй хэвээр байсаар байна. Дээрх салангид хандах хандлагад тулгуурлан боловсруулагдсан арга технологиуд, түүн дэх ажиллагаа, ажиллаварууд нь мөн харилцан шүтэлцээ хамаарал багатай, суралцагчийг суралцаж/сурч сурч, эрдэм боловсролтой хүн болоход нь төдийлөн хувь нэмэр болж чадахгүй байгаа асуудал бидний өмнө дэвшигдэж байна. Бид энэхүү суралцахуйд хөтлөх арга зүйн нэгэн загвараа Монголын уламжлалт соёлыг оновчлон эдүгээчилсэн “нэг ертөнцийн хандлага”, “амь ухаан” /Б.Жадамба, 2013/, тэдгээрийн нэгэн хувилбар болох “гурвал онол” /Нагаанбуу, 1999/ зэрэгт түшиглэн боловсруулж, уг загвараар байгалийн ухааны хичээлийн технологийн хувилбарыг туршин судалсан.
Бид суралцахуйд сурах талаарх гадаад, дотоодын эрдэмтдийн судалгааны ажлуудыг болон Монголчуудын уламжлалт соёлыг тоймлон судалж шинжсний үндсэн дээр бид дараах дүгнэлтүүдийг хийж байна.
- Суралцахуй нь сурахуй ба сургахуйн талуудыг тус тусад нь ялгаж салгахгүйгээр тэдгээрийн нийлэлцлийг илэрхийлэгч нэгэн чанар байна. Суралцахуй нь сургалтын бүхий л хэлбэрт түүний амин шинж бөгөөд байгалийн ухааны сургалтын тухайд лаборатори хичээл оюутны суралцахуйд суралцах хамгийн оновчтой хувилбар болох нь туршилт судалгаагаар нотлогдож байна
- Суралцахуйд сурах арга зүйн нэгэн хувилбар нь аливаа зүйлийг ажиглан эргэцүүлснийхээ үндсэн дээр үйлээ баримжаалан үйлдэх замаар судлан шинжих боломж олгохын зэрэгцээ оюутны ажиглах, эргэцүүлэх, үйлдэх, төлөвлөх үйлүүдийг хөгжүүлэхэд практик ач холбогдолтой болохыг эмпирик судалгааны дүн нотлон харуулж байна.
- Лаборатори хичээлээр оюутны суралцахуйг үнэлэх үнэлгээний шалгуур нь туршилтыг төлөвлөх, хэмжих өгөгдөл цуглуулах, туршилт гүйцэтгэх, өгөгдлийг шинжлэх, туршилтын үр дүнг тайлбарлах, хамтын ажиллагаа харилцааг үнэлэхүйц 5 чадварын мужид хэмжигдэхүйц байхын зэрэгцээ эдгээр чадваруудын ахиц үр дүнгүүд нь тэдний суралцахуйд сурсан байдлыг үнэлэх боломжтойг туршилт судалгааны дүнд нотлогдож байна .
- Оюутны суралцахуйд сурах арга зүйн нэгэн хувилбарыг боловсруулан туршсан эмпирик судалгааны үр дүнгээр лаборатори хичээлээр суралцагчдын суралцахуйг үнэлэх үнэлгээний шалгуурыг хэрэглэх боломжтойг баталж, лаборатори ажлын гүйцэтгэлийн хэмжүүр болох тэгшитгэлийг гарган авсан нь судалгааны ажлын практик ач холбогдлыг нэмэгдүүлж байна.
- Оюутны лаборатори хичээлээр суралцахуйд сурах арга зүйн нэгэн хувилбарыг боловсруулан туршсан үр дүнгүүдээс үзэхэд суралцагчдын лаборатори ажлын гүйцэтгэлийг үнэлэх үнэлгээний шалгуурын найдварын зэргийг тодорхойлох Коронбахийн альфа коэффициент
0.897 гарсан нь боловсруулсан үнэлгээний шалгуур оновчтой болсон төдийгүй үр дүн нь эх олонлогтоо хүчинтэй болохыг нотлон харуулж байна.
Эдгээр нь судалгааны ажлын дэвшүүлэн тавьсан зорилго, зорилтоо биелүүлснийг нотолж байгаа бөгөөд боловсруулан туршсан арга зүй нь оновчтой практик ач холбогдолтой болохыг баталж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 22
Ишлэгдсэн тоо : 0