Арвин их судлагдахуун бүхий монгол хэлний нутгийн аялгуу судлалын ухаан наад зах нь XIX зуунаас хойш гадаад, дотоодын олон зуун эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөрөөр 200 гаруй жил хөгжжээ. Энэ хугацаанд Монгол, Орос, Хятад улсад тархан суурьшсан монгол хэл, аялгуутныг бүртгэн тогтоох, ангилан бүлэглэх, аялгуу тус бүрийн мөн чанарыг бүртгэн гаргах зэрэг судалгаа хангалттай болжээ. Харин өнөөгийн монгол хэлийг төрөл хэлнүүд, нутгийн аялгуунуудын өргөн хүрээнд авч үзэж, хэлний түвшин бүрд харьцуулан судалж, монгол хэлний цогц дүр зургийг гарган, хөгжлийн зүй тогтол, чиг хандлагыг тодруулахад чиглэсэн судалгаа харьцангуй ховор, хэсэг бусаг байдалд байна. Цаашид чухам ийм судалгаа үгүйлэгдэж байна гэж нутгийн аялгуу судлалын эрдэмтэд үзэж байна. Ийнхүү монгол хэлний нутгийн аялгуу судлалын салбарт үгүйлэгдэж буй асуудлын дотроос бид “туслах үгс” хэмээх тоогоор тийм ч цөөн бус, өвөрмөц шинж бүхий нэгжүүдийг судлахаар зорив.
Монгол Улсын утга зохиолын хэлний суурь аялгуу – төв халх, Өвөр Монголын баримжаа аялгуу – цахар болон буриадын ага-хорь, ойрадын дөрвөдөөр их төлөв төлөөлөн судлав. Мөн бусад аман болоод салбар аялгууны өвөрмөц сонин баримтыг зохих газруудад ашиглав. Тухайлбал халх аялгуунаас өвөрхангайн халх, говийн халх, дархад, сартуул зэрэг, өвөр монголын аялгуунаас баарин, хорчин, харчин, ордос, алшаа эзнээ, буриад аялгуунаас барга, цонгоол, ойрад аялгуунаас захчин, урианхай зэрэг аман болон салбар аман аялгууны, мөн буриад, халимаг хэлний өвөрмөц сонирхолтой баримт хэрэглэгдэхүүн орсон болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 8
Ишлэгдсэн тоо : 0